Мотоцикль, дугуйн ослоос сэрэмжлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын цагдаагийн гэнэтийн хяналт шалгалтаар өнгөрсөн амралтын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 115 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлсэн байна.
Тавдугаар сарын 20, 21-ний амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны Шуурхай утсанд нийт 600 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 445 дуудлага бүртгэгджээ.
Ослын улмаас 18 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн найм, мөргөлдсөн 17, үл хөдлөх зүйл мөргөсөн нэг осол бүртгэгдсэн байна. Мөн зам тээврийн осолд хоёр хүүхэд өртжээ. Баянгол дүүргийн нутаг Бичил хорооллын байрны дунд замд амины "H.Accent " маркийн автомашины жолооч Л нь байрныхаа гадаа тоглож байсан явган зорчигч 10 настай Г-г мөргөж гэмтээжээ. Мөн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг “Билийн улаан цохио” гэдэг газар "УАЗ-469 "маркийн машины жолооч Л улсын дугааргүй "Мустанг-5" маркийн мотоцикльтой мөргөлдсөний улмаас 24 настай Б-ийн амь нас хохирсон байна.
Тиймээс дулааны улиралд унадаг дугуй, мотоциклийн хэрэглээ эрс нэмэгдэж буйтай холбоотой зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл их гарч буйг Замын цагдаагийн албанаас анхааруулав.
Ялангуяа хөдөө, орон нутагт мотоцикл жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр унаж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж буйг Замын цагдаагийнхан онцлов. Иймд дугуй, мопед, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах хэрэгсэл, малгайг тогтмол өмсөж, замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг сэрэмжлүүлэв.
Ж.Батсайхан