Цагдаа нар статистик мэдээнд тулгуурлан тайлангаа гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн байгууллагын “Мэдээлэл судалгааны алба” үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар, Үндэсний статистикийн хороо, Хууль сахиулахын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засаг, бизнесийн сургуультай хамтран сургалт зохион байгуулав.
“Гэмт хэргийн статистикийг боловсронгуй болгох" төслийн хүрээнд болсон тус сургалтанд төв орон нутгийн цагдаагийн газрын алба хаагчид оролцлоо. Энэ жил цагдаагийн байгууллагынхан “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх” зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм. Ийнхүү цагдаагийн алба хаагчид сургалтанд хамрагдсанаар ажил үүрэгтээ мэргэшихийн зэрэгцээ мэдээллийн сан бүрдүүлэх, хариуцсан нутаг дэвсгэрийн эрүүгийн болон хэв журмын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг зохион байгуулахад онцгой ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид нь хэллээ. Мөн статистик мэдээнд дүн шинжилгээ, судалгаа хийх, тайлан танилцуулга бэлтгэн оновчтой байдлаар илэрхийлэх мэдлэг, чадвар эзэмших аж.
Ж.Батсайхан