100 гаруй жилийн тэртээх архивын сан хөмрөгийг толилуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-06-05 12:15:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөөдөр  Үндэсний  түүхийн музейд сонин түүх өгүүлсэн " ДАНС ХАРАА-ӨВ СОЁЛ" үзэсгэлэнг нээлээ.

1924 онд 11 дүгээр сарын 24-нд баталсан Анхдугаар Үндсэн хуулийн үр дүнд Монгол Улсын Засгийн газраас үндэсний бичиг үсэг, түүх, соёлын дурсгалт зүйлсийг цуглуулж эмхэтгэн хадгалж, хамгаалах асуудалд онцгой анхаарч "Судар бичгийн хүрээлэн"-г байгуулсан юм. 

1927 оны 12 дугаар сарын 05-нд тус хүрээлэнд өмнөх үеийн данс харааг эрхлэх нэг хүний орон тоотой болгожээ. Түүнээс хойш монголын түүхэнд данс харааг хадгалж, хамгаалах болсон түүхтэй аж.

Энэ түүхийг өгүүлсэн үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд ийнхүү сонин, содон үзмэрээ дэлгэлээ. Монгол Улсад Архивын алба үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буй тул энэхүү " Данс хараа-Өв соёл" үзэсгэлэнг олон нийтэд толилуулж буй нь цагаа олсон гэдгийг албаныхан хэлж байна.

Үзэсгэлэнд Үндэсний төв архивын Түүхийн баримт, Зураг төслийн баримт, Улс төрийн намууд, олон нийтийн байгууллагуудын архив, Кино, гэрэл зураг, дуу авианы баримт сан хөмрөгт хадгалж буйг танилцуулж байна. Мөн энд  гэрэл зураг, баримтат кино зэрэг 150 орчим баримтыг дэлгэжээ.

Дээрх баримт нь 20 дугаар зууны эхнээс энэ 21 дүгээр зууны эхэн үе хүртэлх 100 гаруй жилийн архивын сан хөмрөгөөс тэр бүр олон нийтэд дэлгэж байгаагүй данс хараа, өв соёлын дурсгал юм гэж Үндэсний Архивын Ерөнхий газрын дарга Д.Хоролдамба онцлов.

Үзэсгэлэнгийн нээлтэд ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Баясгалан, ҮАЕГ-ын дарга Д.Хоролдамба, МҮТМ-ийн захирал Сүхбаатар болон эрдэмтэн, судлаач, гадаадын жуулчид оролцож түүхэн ховор үзмэрүүдийг үзэж сонирхлоо.


"Судар бичгийн хүрээлэнгийн Хуучин данс харааг эрхлэх хүнээр Ц. Лувсанг анх томилсон болон Өндөр гэгээн Занабазарын шүншиглэсэн Халхын  Очирбат түшээт хан аймгийн тамга, Хар сайрын дэд дарга Төмөржин Шашин төрийг хослон барьсан Богд хаант Монгол Улсад дагаар орохыг хүсч өргөсөн бичиг, БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө бүх нийтийн санал асуулгын хүснэгт, аймаг хотын болон төрөлжсөн архивуудыг байгуулах тухай тогтоол, тамгууд, Сайн ноён хан Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчдийн Хаант орос улсад хийсэн айлчлалын баримтат кино гээд олон сонирхолтой зүйлсийг тус үзэсгэлэнгээс үзэж болохоор  байна. Үзэсгэлэн долоо хоног  үргэлжилж олны хүртээл болно.                                            

 

Ж.Батсайхан

相关新闻