АТГ-аас 90 минутын бичлэгтэй холбоотой материалыг прокурорт хүргүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2017-06-21 10:54:34
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-аас "МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд авлига авч, 60 тэрбум төгрөг босгосон тухай" гэх 90 минутын бичлэгтэй холбоотой шалгалт явуулсан байна. Улмаар "Уг үйлдэл нь одоогоор тогтоогдоогүй байна хэмээн үзэж материалыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, УИХ дахь АН-ын бүлгээс “МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд сонгуулийн дараа 60 тэрбум төгрөг босгох тухай” гэх 90 минутын бичлэгийг шалгуулахаар Улсын Ерөнхий Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар /АТГ/, Тагнуулын ерөнхий газарт тус тус хандсан. Тус ажлын хүрээнд Улсын Ерөнхий Прокурорын газраас харьяалах чиг үүргээр нь хамтарсан ажлын хэсэг байгуулж 14 хоногийн хугацаанд шалгалтыг хийж дуусгахыг даалгасан байна.

Харин АТГ-аас өгч буй мэдээллээр тус байгууллагаас хийсэн шалгалтын дүнд "2016 оны сонгуулиар сонгогдсон болон сонгуулийн дараа томилогдсон УИХ, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтан, нэр бүхий иргэдээс тайлбар авахад МАН-ын нэр бүхий албан тушаалтнууд авлига авч, 60 тэрбум төгрөг босгосон гэх үйлдэл нь одоогоор тогтоогдоогүй байна" гэжээ.

Иймд тухайн тайлбарууд бүхий 337 хуудас материалыг Нийслэлийн прокурорын газарт хянуулахаар хүргүүлсэн байна. Мөн "Ийнхүү прокурорт баримтыг хүргүүлсэн нь тухайн гомдол, мэдээлэл хаагдаж буй гэсэн үг биш бөгөөд зарим шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" хэмээн АТГ мэдэгдэв.
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻