Бүсчилсэн сургалт амжилттай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд дахь цагдаагийн газруудын эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нарын сургалтын үйл ажиллагаа "Хайрханы хишиг" амралтын газарт болж, суралцагч нарт кредит хангасан "Гэрчилгээ” гардуулах хаалтын ёслол боллоо. Энэхүү сургалтын “Гэрчилгээ” гардуулах хаалтын ёслолын арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Дамбийням, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэхүү, Эрүүгийн цагдаагийн албаны чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хурандаа А.Энхтөр, Эрүүгийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Хишигбаатар, Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн цагдаагийн газрын дэд дарга, эрүүгийн мөрдөгч, хэсгийн төлөөлөгч нар болон цагдаагийн хурандаа Л.Гаваасүрэн даргатай Сүлд чуулгын уран бүтээлчид оролцлоо. Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо "Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэгдэж алба хаагч нарын эрх зүйн чадамж ихээхэн сайжирч иргэдтэйгээ хамтран ажиллах нөхцөл боломж нэмэгдсэнийг дурьдаад ЦЕГ-с дэвшүүлсэн үндсэн зорилтыг хэрэгжүүлэх мөн бүхэлдээ шинэчлэгдсэн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд орсон заалтуудыг амьдралд хэрэгжүүлэхэд учирч байгаа бэрхшээлийг арилгах, практикт нутагшаагүй хуулийн заалтуудыг нэг мөр ойлгох зорилгоор орон нутагт сургалт зохион байгуулах томоохон зорилт тавин ажилласны үр дүн юм" гэв. Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат даргатай хамт олон бүсийн сургалтыг өндөр хэмжээнд зохион байгуулсныг онцоллоо. Сургалтанд хамрагдсан 88 алба хаагчдад гэочилгээ гардуулан өглөө. Энэ үеэр Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын 2016 оны "Ажил мэргэжлийн аварга", эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Энх-Орчлонд хүндэтгэл үзүүлэн, Цагдаагийн ерөнхий газрын Сүлд чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоор бэлэг барьж, дурсгалын зүйл гардуулав гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан