Насанд хүрээгүй иргэдийг үнэгүй шинжилгээнд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
164@montsame.mn
2017-11-02 16:27:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Сүүлийн үед насанд хүрээгүй охидыг хүчирхийлэх явдал гаарах шинжтэй боллоо.Таван настай охиноо хойд эцэг нь хүчиндсэн гэх хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Хохирогч охиныг асран хамгаалагчгүй тул “Өнөр бүл” хүүхэд хөгжлийн төвд аваачсан ч  охины ээж  одоог хүртэл олдоогүй байгаа. Гэмт этгээдийг цагдан хорьсон. Таван настай охиныг  хохирогч болохыг нь тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандахад жижүүр эмч нь шинжилгээний 10 мянган төгрөг нэхэмжилсэн нь олны дургүйцлийг ихээхэн хүргэж маргаан дэгдээсэн. Тэгвэл  Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Сангийн сайдын 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/263 А/406 А/321 дугаартай хамтарсан тушаалаар “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр насанд хүрээгүй иргэнийг шүүх эмнэлгийн үзлэг, шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна. Мөн яаралтай үзлэг шинжилгээ хийх шаардлагатай үед амьдралын баталгаажих түвшнээс доогуур, нэн ядуу гэсэн тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авчрахгүйгээр шуурхай үйлчлэх боллоо гэж ШШҮХ-ээс мэдээллээ.

Ж.Батсайхан
相关新闻