Мандал суманд 120 үхэр устгалд оруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд тогтоосон хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.
Тус сумын иргэн Д-ийн таван үхэрт энэ сарын 16-нд мал амьтны гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд шүлхий өвчин болохыг тогтоосон. Өчигдрийн байдлаар өвчилсөн 120 үхрийг устган 7156 үхэр, 1041 гахай, нэг ямаа, нийт 8198 мал амьтныг вакцинжуулж, 1280 м2 талбайд ариутгал халдваргүйтгэл хийгээд байна.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-амар, Онцгой байдлын ерөнхий газрын гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл нарын удирдсан Улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, сумын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааныг өчигдөр хийсэн аж.
Б.Туул