Жолооны шалгалтдаа тэнцсэн бол үнэмлэх нь шууд хэвлэгдэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвөөс Жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж /http://dedu.police.gov.mn/-ийг боловсруулан Бүртгэл хяналтын төвд өнөөдөр хүлээлгэн өглөө.
Уг цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөсөө эхлэн жолоочийн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах юм. Мөн тухайн иргэн жолооны сургалтдаа амжилттай хамрагдаж, шалгалтууддаа тэнцсэн бол жолооны үнэмлэх нь шууд хэвлэгдэнэ. Энэхүү программыг хөгжүүлэхдээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбосон нь суралцагчийн нэр, регистрийн дугаар давхардах гэх мэт алдаа үүсэхгүй.
Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж энэ үеэр хэлэхдээ, “Цагдаагийн байгууллагын хөгжилд мэдээллийн технологийн дэвшил чухал. Энэхүү дэвшлийг бодит амьдралд нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа авьяаслаг, чадварлаг алба хаагчдадаа амжилт хүсье” гэлээ.
Б.Туул