ГИХГ, ШШГЕГ-т Прокурорын шаардлага хүргүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн прокурорын газрын Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс Гадаадын иргэн, харьяатын газар, мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хууль тогтоомж, журмын дагуу явуулж байгаа эсэхийг шалгасан байна.
Шалгалтын дүнг энэ сарын 14-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцээд, танилцах ажиллагаагаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт зөрчлөө арилгах зөвлөмж өглөө. Мөн Гадаадын иргэн харьяатын газарт эрх бүхий улсын байцаагч нараас зарим гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн даруйд прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй, шийтгэл оногдуулсан хэргийг прокурорт танилцуулаагүй, гадаад улсын иргэдтэй холбоотой зөрчлийг шалгаж шийдвэрлэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрчийг оролцуулаагүй, торгууль төлөгдсөний дараа шийтгэх хуудсыг бичсэн зэрэг зөрчил илэрснийг танилцуулав. Тиймээс дээр илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар болон цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар Гадаадын иргэн, харьяатын газарт прокурорын шаардлага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хугацаатай албан бичиг хүргүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.
Ж.Батсайхан