ӨМНӨГОВЬ
Өмнөговь аймгийн залуучуудын суурь судалгаа хийжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговьт аймгийнхаа залуучуудын суурь судалгааг хийсэн байна.  "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" -ийн санхүүжилтээр тус аймгийн "Төгс голомт" ТББ “Залуу манлайлагч” төслийг  хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд  Өмнөговь аймгийн залуучуудын суурь судалгааг хийсэн нь орон нутгийн төвшинд залуучуудын асуудлыг судалж буй анхны суурь судалгаа юм. Энэхүү судалгаанд тус аймгийн 15 сумын 15-34 насны 650 залууг санамсаргүй түүврийн аргаар оролцуулсан байна. Суурь судалгаанд залуучуудын асуудлыг залуучуудын үнэт зүйл, залуучуудын боловсрол, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын хөдөлмөр эрхлэлт амжиргаа, залуучуудын гэрлэлт, гэр бүл төлөвлөлт, залуучуудын аюулгүй байдал ба гажуудал, залуучуудын нийгэм улс төрийн оролцоо, бүл олон нийт, залуучуудын мэдээллийн эх сурвалж  гэсэн 8 бүлгийн хүрээнд нарийвчлан судалсан байна.
2511 days
258 ширхэг номоор сан хөмрөгөө баяжуулжээ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Шинэ он гарснаас хойш Өмнөговь аймгийн төв номын санг шинээр 258 ширхэг номоор баяжуулжээ.  Орон нутгийн төсвөөс гурван сая төгрөгийн санхүүжилтээр 112 нэр төрлийн 167 ширхэг, улсын төсвийн зуу гаруй мянган төгрөгөөр 53 ширхэг ном худалдан авсан бол хандив бэлэгд 38 ширхэг ном ирсэн байна. Орон нутгийн хөрөнгөөр өндөр үнэтэй лавлагаа, танин мэдэхүй, хүүхдийн сонирхолтой үлгэрийн болон хүүхдүүдийн хүсэлтээр 3D ном болон хэлний номнууд, төсвийн хөрөнгөөр уншигчдын эрэлт хэрэгцээнд тулгуурласан уран зохиол, хувь хүний хөгжлийн номоор сан хөмрөгөө өргөтгөжээ. Залуучууд ихэвчлэн амжилт, хувь хүний хөгжлийн тухай, англи хэлний номнууд, амжилттай хүмүүс хэрхэн сэтгэдэг вэ, Хандлага, Соёмбо нэвтэрхий толь, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь, монгол хэлний тайлбар толь зэргийг их уншдаг байна. Харин хүүхдүүд сургамжит өгүүллэгүүд, зурагт үлгэрийн номнууд болон 3D ном, Ухаан далай номоос эхтэй цуврал, Монголын уран зохиолын дээж 108 ботийг авч уншдаг ажээ.
2511 days
"Буянт" хүүхдийн зуслангийн 60 жилийн ой энэ жил тохиож байна
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхдийн зусланг байгуулаад 60 жил болжээ. 1957 оноос хойш өдгөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй "Буянт" хүүхдийн зуслан ирэх найман сард түүхт ойгоо тэмдэглэх аж.  Энэ жилийн хувьд хоёр дахь ээлжийнхээ хүүхдүүдийг авч ая тухтай амрах орчинг бүрдүүлэн ажиллаж байгаа юм байна. Өнгөрсөн онд тус зусланд орон нутгийн хөрөнгө оруулалтаар тэрбум гаруй төгрөгийн засвар хийж, шинэ техник тоног төхөөрөмжөөр хангасан юм. Одоо гадна талбайн тоглоомын талбайг шинэчилэхээр ажиллаж байгаа ажээ.  "Буянт" хүүхдийн зуслан энэ зун долоон ээлжинд хүүхдүүдийг амраахаар төлөвлөсөн бөгөөд ээлж бүр өөр өөр сургалтын хөтөлбөртэй байгаа юм. Тухайлбал англи хэл, сагсан бөмбөг, спорт бүжиг гэх мэтээр амралтын ээлж бүрийн сургалтын хөтөлбөрийг төрөлжүүлж өгсөн нь энэ жилийн онцлог гэнэ. Мөн хүүхдүүд сургалтын хөтөлбөрийг нь сонгож амрах боломжийг олгож байгаа ажээ. 
2511 days
Хүүхдүүд англи хэлний мэдлэгээрээ өрсөлдөв
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хүүхэд залуучуудын дунд англи хэлээр илтгэлийн уралдааныг зохион байгууллаа.  “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Англи хэлтэй Өмнөговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Өмнөговьчуудын гадаад хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор Энэтхэг улсад англи хэлний таван багшийг бүх төлбөрийг нь орон нутгаас даан сургаж байгаа юм. Харин энэ удаа Дэлхийн улс оронд суралцагч Монголын оюутан залуучуудын холбоотой хамтран хүүхэд залуусын дунд “Миний мөрөөдөл-Монголын ирээдүй” илтгэлийн тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээн нь улсын хэмжээнд орон нутагт  анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Илтгэлийн тэмцээнд 58 илтгэгч оролцсоноос эхний 6 байрыг шагнаж урамшуулсан байна. 
2511 days