Хэнтий аймагт шатахууны үнэ 150 төгрөгөөр буурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙМонгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яам, Газрын тосны газар, шатахууны худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран ажилласны үр дүнд Хэнтий аймагт шатахууны үнэ төвийн бүстэй ойролцоо түвшинд хүрч 150 төгрөгөөр буурлаа.
Тус үйл ажиллагааны нээлтэд Чингис хотын “Магнай Трейд” ХХК-ий ШТС-ын гадаа талбайд болж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Уул уурхайн сайд Р.Жигжид, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар тэргүүтэй удирдлагууд болон иргэдийн төлөөлөл оролцов.
Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу алслагдсан бүс нутгийн шатахууны жижиглэн борлуулалтын үнийг төвийн бүсийн үнэтэй ойролцоо болгох ажлын хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Засгийн газрын 438 дугаар тогтоол гарч, Онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсээр ялгавартай тогтоохоор болсон. Үүний дагуу Хэнтий аймагт АИ92 шатахуун 1840 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 1690 төгрөг болж 150 төгрөгөөр буурсан бол А80-1520, А95-1940, ДТ-1820 төгрөг болж, тус тус буурлаа.
Татварын ийм зохицуулалт хийснээрээ алслагдсан бүс нутгууд болон төвийн бүсийн шатахууны үнийн зөрүүг ойртуулах, орон нутагт шатахууны үнийг бууруулах боломж бүрдсэн аж.
О.Буянхишиг