Ахмадууд даралтын эмээ авч чадахгүйд хүрч байгааг Засаг даргад дуулгав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, өнгөрсөн гурван жилд Өвөрхангайг хөгжүүлэхийн төлөө хийсэн үйл ажиллагаагаа танилцууллаа.
Түүний 2013-2015 онд авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид 88 хувийн биелэлттэй буюу хангалттай хэмээн үнэлсэн бол ард иргэдийн зүгээс ч сайн ажиллаж байгаа гэх үнэлгээг өгсөн юм.
Онцгойлон аймгийн төвийн өнгө үзэмж сайжирч, ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл боломж дээшилж байгаад олон иргэн талархал илэрхийллээ. Гэсэн ч улс орны бодлого шийдвэрээс хамааран иргэдийн амьжиргааны түвшин доройтож, ядуурал ихсэж байгааг тэд хэлж, ахмадууд тэтгэврийн зээл ихтэй, түүнээс шалтгаалан даралтын эмээ ч авч чадахгүй “нүд аньж” эхэлж байгаа талаар дуулгав.
Мөн Өвөрхангай аймгийн хөгжлийн индекс бусад аймагтай харьцуулахад хэр түвшинд байгааг, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтээс хэдэн хувийг нь түүний хоёр орлогч гүйцэтгэсэн болохыг, эрүүл мэндийн салбарт орон нутгаасаа боловсон хүчин бэлтгэж байгаа, үгүйг гэхчлэн сонирхсон олон асуултандаа хариулт авсан юм.
Мөн тэтгэврийн зээлийн хугацааг сунгах, малчдын залуу халааг бэлтгэх, тог цахилгааны нэмэгдэлд анхаарах, төрийн албанд ажиллаж байгаа ахмадуудыг тэтгэвэрт нь гаргах, мал эмнэлгийн үйлчилгээг сайжруулах гээд олон чиглэлээр санал хүсэлтээ тавьлаа.
Б.Батчимэг