50 гаруй сэтгүүлч барьцаанд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-12-15 17:01:00

МОСКВА. /RIA Novosti/. Одоогийн байдлаар наад зах нь 54 сэтгүүлч барьцаанд байгаа тухай “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагын тайлан мэдээнд дурджээ. Барьцаанд байгаа сэтгүүлчдийн дунд нэг эмэгтэй сэтгүүлч байгаа аж.

Тус байгууллагын мэдээлснээр, энэ жил барьцаалагдсан сэтгүүлчдийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 35 хувиар өсчээ. Сирид 26 сэтгүүлч барьцаанд байна. Террорист “Лалын улс” бүлэглэлийн босогчдын барьцаанд 18 сэтгүүлч байгаа аж.

“2015 онд сэтгүүлчдийг барьцаалах нь улам нэмэгдсэнд бид санаа зовж байна. Энэ нь юуны өмнө Йеменд сэтгүүлчдийг хулгайлах нь эрс нэмэгдсэнтэй холбоотой. Энэ онд тус улсад хуситууд болон “Аль-Каида”-гийн босогчид 33 сэтгүүлчийг хулгайлсан бол өнгөрсөн онд ердөө хоёрхон сэтгүүлч хулгайлагдаж байв. Одоогийн байдлаар Йеменд 13 хүн барьцаалагдсан хэвээр байна” гэж “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Кристоф Делуар мэдэгджээ.

Тус байгууллагын мэдээлснээр, одоогийн байдлаар 153 сэтгүүлч шоронд хоригдож байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 14 хувиар буурсан тоо аж. Энэ жил нийтдээ 161 сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн 14 ажилтныг баривчилжээ.

2015 онд мөргөлдөөний бүсүүдэд наад зах нь 8 сэтгүүлч алга болсны тав нь Ливид алга болсон байна. Байлдааны ажиллагааны улмаас сэтгүүлчдийг хайх ажилд хүндрэл учирч байна гэж тус байгууллагын ажилтнууд хэлжээ.

Д.Жаргал

 

Related news