Хирсний ясыг музейн үзмэр болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 09:32:37

“Хан Хэнтий” чуулгын байрны барилгын ажлын явцад олдсон савагт хирсний ясны анхан шатны баримтжуулалтын ажлыг гүйцэтгэж Хэнтий аймгийн музейд үзмэр болгох юм байна.

Үүнтэй холбогдуулан Шинжлэх ухааны академийн Түүх, Археологийн хүрээлэн, Япон улсын Токио Метрополитан Их сургуулийн хамтарсан “Монголын палеолитын судалгаа” эрдэм шинжилгээний төслийн баг Хэнтий аймгийн музейд ажиллалаа.

Уг амьтны ясны дээжийг АНУ-ын Калифорны мужийн Их сургуулийн лабораторид он цаг тогтоох шинжилгээ хийлгүүлэхэд  хуучин чулуун зэвсгийн дээд үеийн эхэнд буюу одоогоос 40 гаруй мянган жилийн өмнө Хэнтий аймгийн нутагт амьдарч байсан амьтан болох нь нотлогджээ. Одоогоор уг ясыг бэхжүүлж, орон нутгийн музейд хэвтээ байдлаар дэглэх ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд Японы эрдэмтэд өөрсдийн хөрөнгөөр хийж өгөх юм байна. Энэхүү яс нь газар доор олон зуун мянган жил байсан учир муудаж өгөршсөн, хэврэгшсэн учир шууд музейн үзмэр болгох боломжгүй байсан. Тиймээс хирсний ясыг тусгай бодисоор бэхжүүлэх, холбох, дутуу хэсгийг нь ижил төрлийн болгож бүрдүүлсний дараа Хэнтий аймгийн музейд үзмэр болгох юм байна.

О.Буянхишиг

 

 

 

Related news