Хэнтий аймгийн төсвийн үйл ажиллагааг хангалттай гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-08 12:35:02

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан өнөөдөр Хэнтий аймагт ажиллалаа. Энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзаж, 2015 оны төсвийн үйл ажиллагаатай танилцаж, санал бодлоо солилцлоо.

Шинэ оны эхэнд ийнхүү Хэнтий, Дорнод аймагт ажиллаж, 2015 оны төсвийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийн, 2016 оны төсвийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахад анхаарах асуудлуудын талаар холбогдох мэргэжилтнүүдтэй зөвлөлдлөө. Мөн төрийн болон төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцлаа.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Хэнтий аймгийн төсөв санхүүгийн алба нь хөл дээрээ тогтсон, мэргэжлийнхээ чадварыг сайн хадгалж чадсан аймгуудын нэг юм. Тийм ч учраас санхүүгийн үйл ажиллагааных нь үзүүлэлтүүд хангалттай сайн байна.” гэв.
Мөн 2015 он улс орны хэмжээнд төсөв санхүүгийн байдал тогтворгүй байсантай холбоотойгоор орон нутгийн төсвийн үйл ажиллагаанд нэлээд ачаалал өгсөн бөгөөд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан Хэнтий аймгийн 2015 оны төсвийн үйл ажиллагаанд хангалттай гэсэн дүгнэлтийг хийв.

О.Буянхишиг

 

Related news