Энэ онд цас цэвэрлэгээнд 80 тонн элс хэрэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-10 21:40:57

Шинэ он гарсаар хүйтний эрч чангарч, өдөр бүр цас хялмаалж байгаагаас Дорнод аймгийн төвд  халтиргаа гулгаа их болж хүмүүс унаж тусч бэртэж гэмтэх тохиолдол нэлээд гарах боллоо.  Энэ жилийн цас цэвэрлэгээнд 80 тонн элс, 50 тонн давс бэлтгэсэн тухайгаа “Чойбалсан хөгжил”  ОНӨҮГ-ын тасгийн дарга А.Амарцэнгэл ярьсан.

Тус газрын “шар хантаазтан”-ууд төв зам дээр өдөртөө элс, цас цацаж байгаа нь авто тээврийн хэрэгслийн хувьд нэмэр тустай байгааг жолооч нар ярьж байна.

Харин хүмүүсийн хамгийн олноор зорчдог “Шүр” захын гаднах талбайг цэвэрлээгүйгээс хамгийн их гомдлыг дагуулах болсон.  Холбогдох байгууллагаас энэ тухай тодруулахад тус захад ажил үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид ойр орчмынхоо 50 м газрыг цэвэрлэх үүрэгтэйг хэлж байсан. Хот тохижилтын газрын хувьд төв болон туслах замуудын цасыг зориулалтын машинаар цэвэрлэж байна. Гэхдээ өдрийн цагаар цэвэрлэх боломжгүй шөнө оройн цагаар ажиллаж байгаа ажээ.

                                                                                                                              Б.Туяа

Related news