Таиландад “MERS”-ийн халдвар авсан хоёр дахь тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-25 14:13:37

БАНГКОК. /NHK/. Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу “MERS”-ийн титэмт вирусийн халдвар авсан хоёр дахь тохиолдол илэрлээ гэж Таиланд мэдэгдэв.

Оман улсын 71 настай иргэнийг Бангкок хотын эмнэлэгт шинжилгээнд оруулахад “MERS”-ийн халдвартай байгаа нь тогтоогдсон гэж Таиландын Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

Халуурч, ханиалгаж байсан тэрбээр эмчилгээ хийлгэхээр хамаатныхаа хамт Таиландад ирсэн байна.

Мөн тэдний мэдэгдэж байгаагаар, өвчтөн Бангкок хотын захад байрладаг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.

Өвчтөнтэй ойр байсан 37 хүнтэй албаны хүмүүс холбоо тогтоож байна. Холбоо тогтоож байгаа хүмүүс дунд түүний хамаатан байгаа бөгөөд тэрбээр өвчтөнтэй хамт нисэж, Таиландад ирсэн тухай эмнэлгийн ажилтан мэдэгдэв.

Эдгээр хүний биеийн байдлыг яамны ажилтнууд хянаж байгаа ажээ.

Энэ нь Таиландад илэрсэн “MERS”-ийн хоёр дахь тохиолдол юм. Анхны тохиолдол өнгөрсөн оны зургадугаар сард илэрчээ.

Д.Нямтулга

 

Related news