Пикассогийн цэцэрлэгт хүрээлэнг Парист нээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-09-29 16:12:11

ПАРИС, 2025 оны есдүгээр сарын 29 /AFP/. Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн урласан уран баримлууд бүхий цэцэрлэгт хүрээлэнг 2030 онд Парисын төвд олон нийтэд үнэ төлбөргүйгээр нээхээр төлөвлөж байна гэж тус хотын Пикассогийн музейн дарга Сесиль Дебре “Франс Пресс агентлагт ням гарагт мэдээлжээ.  


Олимпын хоёр усан сангийн хэмжээтэй тэнцэхүйц талбайд байгуулах цэцэрлэгт хүрээлэн нь музейн өргөтгөл байх бөгөөд П.Пикассогийн урласан олон арван хүрэл баримлыг байрлуулна гэж тэрбээр хэлсэн байна. Нью-Йорк, Чикаго хотод Д.Пикассогийн бүтээлийг олон нийтийн газруудад хэдийн байрлуулсан байдаг боловч Парисын төсөл нь Испанийн алдарт зураачид зориулсан анхны задгай музей болно гэдгийг С.Дебре онцолжээ.


П.Пикассогийн музей 40 жилийн ойгоо тэмдэглэж байгаатай холбогдуулан тэрбээр хэлэхдээ, шинэ цэцэрлэгт хүрээлэнг музейн арын цэцэрлэгт хүрээлэн болон түүний хажууд байрлах нийтийн жижиг цэцэрлэгт хүрээлэнг нэгтгэн байгуулна гэв. Цэцэрлэгт хүрээлэнд дэлгэх урлагийн бүтээлүүдийн дунд 1950 онд П.Пикассо ямааны биеийн хэмжээтэй бүтээсэн “The She-Goat хэмээх хүрэл баримал байрлана. Уг бүтээл одоо музейд хадгалагдаж байгаа юм.


Пикассогийн гэр бүл, ялангуяа зураачийн охин Паломатай зөвлөлдсөний эцэст” санаачилсан цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг Парис хотын эрх баригчид болон Францын Соёлын яам дэмжиж байгаа гэдгийг С.Дебре нэмж хэлжээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн бол Парисын хөл хөдөлгөөнөөс холдох ид шидийн” газар байх болно гэж тэрбээр хэлээд, олон нийт бүтээлүүдийг ойроос үзэхээс гадна цэцэрлэгт хүрээлэнд байрлах кафе-рестораноор үйлчлүүлэх боломжтойг дурдлаа.


Палома Пикассо Франс Пресс агентлагт хэлэхдээ, энэхүү төсөл миний аав шиг эрч хүчээр дүүрэн байх болно” гэжээ. Дэлхийн II дайны жилүүдэд Парист амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан эцэгт нь маш их хүндэтгэл үзүүлж байгааг тэрбээр онцолсон байна.


Жуулчдын очих дуртай Парисын Маре дүүрэгт байрлах уг музей нь түр үзэсгэлэнгүүдэд зориулагдсан орон зайгаа хоёр дахин томруулахын тулд шинэ өргөтгөлүүдийг барихаар төлөвлөж байна. С.Дебрегийн хэлснээр, цэцэрлэгт хүрээлэнг оруулаад өргөтгөлүүдийг барихад 50 сая евро шаардагдах бөгөөд ивээн тэтгэгчид болон П.Пикассогийн гэр бүлээс санхүүжүүлэх ажээ. Энэхүү ажлыг 2028 онд эхлүүлэхээр төлөвлөж байна.



Related news