Монгол бичгийг Хэнтий нутагтаа түгээн дэлгэрүүлэхээр тэмүүлж явна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-25 15:22:17

Өвөг дээдсээс өвлөн ирсэн Монгол бичгээ бие даан сурч, нутаг усандаа түгээн дэлгэрүүлэхийн төлөө тэмүүлж яваа энэ хүнийг Хэнтий нутгийн зон олон нь Батнай гэх нэрээр нь андахгүй сайн мэднэ. Тэрбээр Хүмүүн бичиг сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Сайхан бичигтэн” уралдаанд оролцож өөрийн ур чадвараа сорих дуртай. Энэ эрхэм хүн бол Хэнтий нутгийн унаган хүү, Сагадайн Бат-эрдэнэ юм. Түүнтэй цөөн хором хуучилсанаа нийт уншигчидтайгаа хуваалцахад таатай байна.

-Сайн байна уу? Юуны өмнө “Монголын Сайхан бичигтэн-2015” улсын уралдаан, “Ганзагалаа” сэтгүүлийн нэрэмжит “Хүй цөглөсөн нутаг” эссэ бичлэгийн уралдааны гуравдугаар байруудыг эзэлж, нутаг, уснынхаа нэрийг өндөрт өргөсөн танд Хэнтий нутгийнхаа зон олон болон нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

-Өө баярлалаа. Зон олныхоо мэндийг “Хүмүүн бичиг” сонины эрхэм хуудсаар дамжуулан мэндчилье.

-Ярилцлагаа таны хүүхэд наснаас эхэлбэл ямар вэ. Хэд авдаг сурагч байв даа?

-Хүүхэд нас уу? Үгээр илэрхийлэх боломжгүй сайхан цаг. Хааяа зүүдэлдэг. Бодох санах зүйлгүй, сайхан үе байжээ. Сурлага, дүн гэхээсээ их л хөдөлгөөнтэй, одоогийн хэлээр бол юм, юманд л оролцдог тийм хүүхэд байсан байна. Тухайн үеийн онц, дунд, мууг бол олон аваагүй ээ. Анги өгсөх тусам л сурлага сайн болсон. Гэхдээ би хүү, охиндоо хэлдэг юм. “Онц сурахаасаа, сайн хий” л гэдэг юм. Сурагч байхад сурлагаар дээшилдэггүй, багшид загнуулж зандруулдаг байсан нэгэн надаасаа сайн, сайхан амьдарч яваа нь бишгүй, тэгэхээр дүн нэг их ач холбогдолгүй.

-Ажил амьдралын гараа гэдэг хамгийн чухал алхам байдаг. Таны хувьд?

- Би Багшийн сургууль төгссөнөөрөө бахардаг. Баян-Адрага сумын сургуулийн багшаас ажлын гараагаа эхлүүлсэн. Бага хугацаанд багшилсан ч Багш гэдэг эрхэм нэр нэгэнт миний нэрний нэг гоёо болсон. Шавь нар бий.

-Таны амьдралын нэгэн хэсэг яахын аргагүй Төрийн алба, тэр дундаа Сэтгүүлзүйн салбар байх? 

-Олон салбарт ажиллаагүй. Хорин таван настай байсан. Сумын Засаг даргын Тамгын газрын дарга гэдэг надад бол нүсэрдсэн том албан тушаалд очсон. Аав, өвөө чинь хийж байсан бараг л удам залга гэсэн байртай томилчихсон. Миний амьдралд их сургамж, туршлага, мэдлэг өгсөн цаг хугацаа байсан. Манай сумынхан “Батнай дарга аа” л гэдэг. 2009 онд аймагт ирж ажилласан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал. Олны хүрээлэлд орсон, бас л сайхан хугацаа. Алс харж, том сэтгэх шаардлага гардаг юм билээ. Харин сүүлийн асуултын тухайд бол чи хэт томруулж асуулаа. Сэтгүүл зүйн салбарт ажилласан гээд. Миний хувьд энэ талын мэргэжил эзэмшээгүй, та бүхэнтэйгээ ойр байж, ажилд нь дэм тус болохсон гээд яваа жирийн нэгэн гишүүнээс хэтрэхгүй. Хэнтий телевиз, радиог байгуулалцаж ажилласан, одоо тун давгүй, олны үзэж, хардаг мэдээллийн байгууллага болж бэхжсэнд л баяртай явдаг юм.

-Монгол бичиг тантай салшгүй холбоотой байдаг болов уу. Ингэхэд анх Монгол бичиг хэрхэн яаж сурч байв?

- Саяхнаас сэргээж бичсэн, харсан. Олны жишгээр дунд сургуулийн 7 дугаар ангид анх үзэж эхлэсэн. Их гоё, зураг шиг л харагдаж билээ. Арван жилд С.Өлзийхишиг, багшийн сургуульд н.Эрдэнэцэцэг гэж сайн багш байлаа, тэд их зүйлийг мэдүүлсэн. Ер нь бол хэрэглэх эсэх нь мэдэгдэхгүй хэсэг явлаа шүү дээ. Одоо бол хэрэглэх цаг хугацаа нь тодорхой болсон учраас ялангуяа залуу дүү нар хичээн сурах хэрэгтэй. Монгол хүн гэж омог бардам, толгой дээш явах, Монголын минь өв соёлын арилшгүй баталгаа бол Монгол, босоо бичиг. Энэ бичигтэй хүн бүр л холбогдох ёстой.

-Хэдэн жил Монгол бичгээр бичиж байгаа вэ. Ямар бичлэгийн төрлөөр бичдэг вэ?

-Харин хэрэглэх эсэх нь тодорхойгүй байснаас олон жил бичээгүй. Монгол бичиг заадаг багш нар ч мэдлэг, заах арга нь муудсан юм билээ. Төр тухайлан анхаарч, багш нараа нэг сэргээж, заах аргыг нь сайжруулж авахгүй бол болохоо байж л гэж харсан. Уран бичлэгийн бийрийн сургалтад хамрагдсан. ИТХуралд ажиллаж байхдаа С.Пүрэвжав даргад санал болгож, “Хүмүүн бичиг” сонины захирлын нэр дээр “Монгол бичгээ хэрэглэе, сонин захиалга нэмэгдүүлэх, ирж ажиллах боломжийн тухай, аймгаараа энэ ажил руу анхааръя” гэсэн албан бичиг төлөвлөж, хүргүүлж байлаа. Би Монгол бичгийн бүх төрлөөр л бичихийг хичээдэг дээ.

-Хачин сүрхий хөдөлсөн юм ийм учиртай байж. Нээрээ сүүлийн жилүүдэд манайхан монгол бичгээ дээдлэх, сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд их анхаардаг болсон. Энэ талаарх сэтгэгдэл?

-Аймаг өнгөрсөн жилийг “Эх бичгээ эхлэн суралцах жил” болгон зарласан. Иргэн би их баярласан. Сонины захиалгаар улсад тэргүүлж, хоёр ч удаа Бичиг соёлын томоохон үзэсгэлэн гаргаж, уран бичлэгийн сургалт явуулж, олныг уриалсан ажил хийсэн. Чухам захиалсан сонингоо хэрэглэж, уншиж байгаа нь хэд хичнээн бол гэж бодогдсон, бас зорьсон зорилгоо гүйцэд хэрэгжүүлэхгүй, санаачилсан сайхан ажлаа бүдэгрүүлж орхисон. Гэхдээ чамлахаар... гэдэг дээ. Иргэн хүнийхээ хувьд Монгол бичгийг Хэнтий нутагтаа түгээн дэлгэрүүлэхээр тэмүүлж явна

-Монгол бичгийн хамгийн сайхан зүйл нь?

-Сайхан зүйл зөндөө бий, Сураад, бичээд эхлэхээр л мэдрэгдэнэ, сэтгэлийн их таашаал авна.

-Өнгөрсөн 2015 он таны хувьд шагналын хур буусан жил байсан.Тухайлбал, МНСЭ-ийн нэрэмжит шагналаар шагнуулсан.

-Тэр тухайд манай аймгийн сэтгүүлчид, салбарын нөхөд, залуу дүү нар л сэтгэлийн дэм өгсөн хэрэг л дээ. Үнэхээр том үнэлсэн. Намайг хий, бүтээ, илүү их хөдөлмөрлө гэж өдөөсөн л шагнал байсан. Яг үнэндээ төрд “гологдож”, түлхэгдсэн надад урам өгсөн.

-Түлхэгдсэн гэснээс та чинь төрийн жинхэнэ албанд олон жил ажиллачихаад гологдоно ч гэж юу байх вэ?

-Гомдож, гуньж, гутраад байлгүй зайгаа тавьсан.  Чи энэ удаа ажиллах ёсгүй, чиний амжуулж байсныг олон хүн хийх юм гэж байхад юу гэхэв. Төрийн алба бол миний байх ёстой газар, бүр улсын түвшин ажиллана гэж бодоод л яваа. Цагийн юм цагтаа л гэдэг. Тэнхээгээ мэдэхгүй хүмүүс төрд олшрохоор, түмний тамир л их барагддаг юм байна.

-“Монголын Сайхан бичигтэн-2015” улсын уралдаанд ямар бичлэгийн төрлөөр оролцсон бэ? Энэхүү шагналын эзэн болох яг тэр үед төрж байсан сэтгэгдэлээсээ хуваалцаач?

-Нэр хүндтэй том уралдаан л даа, анх удаа оролцлоо. Жил бүр Засгийн газрын Ерөнхий сайд ирж шагналыг гардуулдаг. Бичгийн том мэргэд цугладаг. Тэд тухайн жилийнхээ зорилго, зорилтыг ярьдаг. Энэ жил Ерөнхийлөгч ирсэн. Би насанд хүрэгчдийн ангилалд “Монгол хэлний хуулийн агуулга, шинэлэг тал” сэдвээр эх бичиж оролцсон. Жаахан туршлага дутсан. Ирэх жил түрүүлнэ ээ.

-Энэхүү тэмцээний шалгуур нь яаж явагддаг бол энэ талаар уншигч олондоо товчхон сонордуулвал?

-Нийт долоон ангилалтай. 12 дугаар ангийн сурагчид, насанд хүрэгчид, мэргэжлийн багш нар, 1-11 дүгээр ангийн сурагчид, сайхан бичигтэн анги, уран бичлэг, бүтээл гэсэн. Энэ уралдаан зарлагдсаны дараа би сургуулиудаар их ч явсан, Боловсролын даргатай хүртэл уулзсан, оролцооч гээд. Анги хүртэл бэлдэж оролцуулах гэж оролдсон. Зарим багш нар “Хүүхдийн бичгийн хэв эвдчихнэ” гээд дургүй байсан. Гайхсан. Уг нь 12 дугаар анги төгсөх сэтгүүлч, Монгол хэлний багш мэргэжлээр суралцах сонирхолтой хүүхдүүдэд бол их том боломж. Энэ уралдаанд түрүүлсэн 4 хүүхдийг МУИС, МУБИС-д үнэ төлбөргүй сургадаг. Шалгуур гээд байх зүйл бараг үгүй, Монгол бичгээ л сайн мэддэг, хичээнгүй сайхан бичдэг байхад л болно.

-Мөн “Ганзагалаа” сэтгүүлийн нэрэмжит “Хүй цөглөсөн нутаг” эссэ бичлэгийн уралдааны гуравдугаар байр эзэлсэн сайхан амжилт үзүүлжээ.Энэхүү тэмцээнд бичсэн эссэ бичлэгийн онцлог нь юу байв?

-Нутаг усаа, Хэнтийнхээ хүн, байгалийн сайхныг магтсан. Дэлхийд ганцхан “Чингис” нэртэй хотод амьдарч байгаа бол иргэн бүр нь хотын соёлоос суралцах учиртай, хотын соёлыг төлөвшүүлэхийн тулд төр засаг тухайлсан бодлого, алсын хараатай байх ёстой гэдгийг бичсэн. Нутаг усаа хөгжүүлье гэж зорьсон бол иргэн бүртээ боломжийг тэгш олгох, хар буруу саналгүй, эв эеийг хичээх, нэг нэгнээ ад шоо үзэлгүй, чаддаг, мэддэг зүйлийг нь хийлгэх, талцал, хуваагдлын дундуур танил талаа бүү илүү хар гэж бичсэн.

-Цаашдын зорилт, Монгол бичгийн хэрэглээний талаар Хэнтий нутагтаа юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Би чинь эрх мэдэл бүхий том хүн биш. Гэхдээ иргэн хүний хувьд бодож санасан зүйл их байгаа. Өнгөрсөн 11 дүгээр сард хотын баяраар Хэрлэн сумын хурал “Удирдлагууддаа илгээх захидал” гэж уралдаан зарлаж, бодсоноо бичиж хүргүүлсэн хоёрт орсон байсан.Тэнд би тодорхой бичсэн. Чухам ажил болгож дэмжих эсэхийг бүү мэд. Нэг санал хэлэхэд, өнгөрсөн жил хотын орон сууцны байшингуудын гадна талыг зассан.  Түүн дээр Монгол бичгийн бүтээл хийвэл ямар вэ гэж... Сонин содон, сайхан харагдана. Зүгээр өөрөөс шалтгаалах зүйлийг бол хийнэ. Дэлхийн зөнгийн Сайхнаад санал тавьснаар тэр талархалтайгаар дэмжиж, “Номын өргөө, бичиг, соёлын төв” байгуулах эхлэл тавигдсан. Энэ ажлынхаа хүрээнд ном сайн уншсан 4 хүүхдийг өөрийн зардлаар Улаанбаатар хотод аялуулж, ном яаж бүтдэг тухай, хотын иргэн хэрхэн соёлжих тухайд бага ч болов мэдрүүлсэн. Энэ ажлаа уламжлал болгоно. Санаад, сэдээд хийвэл хийх ажил их байна.

-Танд баярлалаа.

-Баярлалаа, Гал бичин жилдээ Монгол бичгээ суръя, хэрэглэе гэж уриалья даа.

О.Буянхишиг

 

Related news