“Жонас” цасан шуурга 3 тэрбум долларын хохирол учруулж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-01-26 09:59:00

НЬЮ-ЙОРК. /TASS/. Сүүлийн өдрүүдэд АНУ-ын зүүн нутгуудад дэгдсэн “Жонас” хүчтэй цасан шуурга оршин суугчдад болон бизнес эрхлэгчдэд 2.5-3 хүртэл тэрбум долларын хохирол учруулж болзошгүй. Ийм дүгнэлтийг олон улсын чансааны “Moody's” агентлагийн дүн шинжилгээний салбарын мэргэжилтнүүд нийтэлжээ.

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор, санхүүгийн дээрх алдагдлын үндсэн хэсгийг алдсан ашиг бүрдүүлж байна. Их хэмжээний цас орсны улмаас үйлчлүүлэгчид бараа бүтээгдэхүүн худалдан авч чадахгүй эсвэл үйлчилгээний төлбөрөө төлж чадахгүй, дэлгүүр, ресторан, бусад газар хаалттай байсны улмаас АНУ-ын зүүн муж улсуудын бизнес зогсчээ. Үүнээс гадна, ажилдаа очиж чадаагүй ажилтнуудын олонх нь цалин мөнгөгүй хоцорсон байна. Харин зам, автомашины зогсоолуудын цасыг мөнгөөр цэвэрлэсэн хүмүүс ашиг олж чаджээ. “Moody's”-ийн шинжээчдийн тооцоолсноор, “Жонас” цасан шуурганаас учирсан хохирол тийм ч их биш аж. 2012 оны 10 дугаар сард дэгдэж байсан “Сэнди” хар салхи 26 тэрбум долларын бизнесийн ашгийг үгүй хийж, 45 тэрбум долларын хохирол учруулж байжээ. Шинжээчдийн онцлон дурдсанаар, хамгийн их хохирлыг 2005 онд “Катерина” хар салхи учруулжээ. Тухайн үед алдсан ашиг 28 тэрбум доллар байсан бол шууд хохирол 129 тэрбум доллароор үнэлэгдсэн байна.

Д.Жаргал

 

Related news