Г.Оюунгэрэл: Ургацынхаа борлуулалтанд санаа зовдоггүй, хадгалах зоорь л хэрэгтэй байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 23:08:35

Хонин жилд “Аймгийн аварга тариаланч”-аар дөрвөн хүн шалгарсны нэг нь Тарагт сумын 6 дугаар багийн харьяат  Гачин-Оролбын Оюунгэрэл юм.

Түүнд аваргын шагналыг нь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга С.Цэдэнбалжир, Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэг нар 2 сарын 2-ны өдөр буюу төрсөн өдрөөр нь гардуулан өглөө. Тэрээр 2004 оноосчацаргана тариалж эхэлсэн бөгөөд эхэн үедээ бороо, мөндрөнд цохиулж олигтой үр дүнд хүрэхгүй байсан ч сүүлийн гурван жилээс зорьсон ажлынхаа үр шимийг хүртэж эхэлсэн байна.

Г.Оюунгэрэл өөрийн амжилтын тухайд хэлэхдээ “Би 1986 онд 8 дугаар ангиа төгсөөд Төв аймгийн Баян чандмань сумын Трактор комбаний техник мэргэжлийн сургуульд 3 жил суралцан төгссөн. Булган аймгийн Энхтолгойд 3 жил трактор, комбайн барьж байгаад  нутагтаа ирж, 1992 оноос гэр бүлийн хүнтэйгээ өрхийн хэмжээнд газар тариалангийн ажил эрхлэн төмс, хүнсний ногоо тарьж эхэлсэн. 0,5 га талбайд төмс, хүнсний ногоо, хүлэмжинд нарийн ногоо тарьдаг. Энэ жил 7,5 га талбайд чацаргана тариалсан. Үүнийхээ 3 га талбайгаас 3 тонн гаруй чацаргана хурааж аваад байна. Сүүлийн үед тарвас тарихыг сонирхоод байгаа.

Ургацынхаа борлуулалтанд санаа зовдоггүй. Шинэ жил, цагаан сар гээд баярууд дөхөөд ирэхээр нутгийнхан маш их авдаг. Ганцхан хадгалах зоорь сав л хэрэгцээтэй байдаг юм. Тариалалт хийхэд хамгийн гол нь хөрс сайн байх хэрэгтэй. Манай эндэхийн хөрс хатуу болохоор шувууны сангас, үхрийн баасны шүлтээр борддог. Хөрсөө сайхан бордоод услагааны асуудлыг шийдчихсэн байхад ногоо тарих ч найдвартай шүү” гэж байв.

Тэднийх газар тариалан эрхлэхээс гадна адуу, хонь, ямаа малладаг. Өөрөө 2008 онд “Сумын аварга тариаланч” болж байсан бол гэрийн эзэн н.Чинбат нь 2015 онд “Сумын аварга хадланч”-аар шалгарчээ. Энэ өвөл 7,5 га талбайгаас 20 гаруй тонн өвс хадаж, нутгийн малчдыг өвсөөр хангаж байна.

Г.Оюунгэрэл эгч маань өрхийн аж ахуйгаас гадна сумандаа ИТХ-ын Тэргүүлэгчээр ажилладаг, гэр бүлээрээ эсгийгээр тавчик, шагайны уут хийдэг гэхчлэн ажлын амт, хөдөлмөрийн үр шимийг бүрэн мэдэрсэн, ажилсаг хичээнгүй нэгэн байв.

Өвөрхангай Б.Батчимэг

Related news