Хэнтий аймаг Монгол Улсын хувьд аж үйлдвэрийн 3 дахь томоохон хот болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЗасгийн газрын 75 дугаар тогтоол гарч, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зэсийн баяжмал хайлуулж, цэвэршүүлэх үйлдвэр болон газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барихаар шийдвэрлэсэн юм. Үүнтэй холбогдуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд энэ сарын 14-нд Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх, Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих бэлтгэл ажлын хүрээнд анхны “Техникийн зөвлөлдөх уулзалт” Аж үйлдвэрийн яамны санаачлагаар зохион байгуулагдлаа.
Энэхүү зөвлөлдөх уулзалтад УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, УИХ гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, аймгийн Засаг даргын орлогч Г.Ганхуяг, Аж үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, БОАЖЯ, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, “Монголросцветмет”, Газрын харилцаа, геодиз зурагзүйн газар, Бор-Өндөр сумын удирдлагууд болон бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов. Тус техникийн зөвлөлдөх уулзалтын үеэр үйлдвэр барих бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай дэд бүтэц, хүний нөөцийн асуудлуудаар санал солилцлоо.
Уулзалтаар хөндөгдөж байсан асуудал бол хоёр үйлдвэр ашиглалтад орсноор хэвийн үйл ажиллагааг хангахын тулд зөрлөг, замуудыг нэмж, шилэн кабелиар холбох шаардлагатай бөгөөд тус сумын эрчим хүчний хувьд одоогийн суурилагдсан хүчин чадал 32 мВт. боловсруулах үйлдвэрүүдийн найдвартай үйл ажиллагааг хангахын тулд ойролцоогоор нэмж 60 орчим мВт-ын хүчин чадал шаардлагатай. Үүнийг шийдвэрлэхийн тулд шугамын болон дэд станцын өргөтгөл хийх талаар энэ үеэр мэргэжлийн хүмүүс хэлж байлаа. Дэд бүтцийн хувьд төмөр зам, эрчим хүчний асуудал дээр өргөтгөл хийснээр үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломжтой гэж үзэж байв.
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Бид хөрөнгө оруулагчдаа дуудах цаг нь болсон. Хамгийн гол нь энэ үйлдвэр цэвэр үндэсний болоод хувийн хөрөнгө оруулалт дээр тулгуурлаж босно. Монгол Улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр бол стратегийн ач холбогдолтой. Ийм ч учраас Үндэсний хөрөнгө оруулагчид хамтраад энэ төслөө босгох ёстой. Мэдээж гадны хөрөнгө оруулагчдад ч нээлттэй. Үндэсний үйлдвэрлэгчид, шатахуун импортлогчид хамтраад энэ төслөө босгох учиртай. Тиймээс ч нээлттэй тендер зарлана. Үүнд төрийн оролцоо байхгүй. Энэ төслийг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчид маш олон бий. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлогод энэ асуудал тусгагдсан. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого УИХ-аар батлагдсан. Үүнд мөн адил тусгагдсан байгаа. 2020 он гэхэд энэ төслийг дуусгах нь монголчуудын хувьд амин чухал асуудал юм” гэв.
Түүнчлэн газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл 15 хүртэл хувиар нэмэгдэх бөгөөд аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 40 орчим хувиар, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдэнэ . Бүтээн байгуулалтын жилийн хугацаанд нийт 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх ажээ. Үйлдвэр ашиглалтад орсноор импортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллараар буурч, улсын болон орон нутгийн төсөвт бүх төрлийн татвар хураамж хэлбэрээр жил бүр ойролцоогоор 350 сая ам.доллар төвлөрүүлнэ. Орон нутагт 600 гаруй шууд ажлын байр шинээр бий болохын зэрэгцээ газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарсанаар Үндэсний аюулгүй байдалд эерэг нөлөө үзүүлэх зэрэг олон давуу талууд бий болж байгаа аж. Тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын хугацаа 2020 оныг хүртэл дөрвөн жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 1.6 тэрбум ам.доллар байхаар төлөвлөжээ. Харин Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр ашиглалтад орсноор жилд 530 мянган тонн зэсийн баяжмалыг хайлуулж, цэвэршүүлэх хүчин чадалтай байхаар төлөвлөөд байгааг онцоллоо.
Аймгийн Засаг Дарга Ж.Оюунбаатар “ Энэхүү томоохон үйлдвэрүүд баригдах шийдвэр гарсан нь Хэнтий аймаг Монгол Улсын хувьд 3 дах томоохон аж үйлдвэрийн хот болох бололцоо нээсэн ажил эхэллээ. Тийм учраас нь энэ хоёр том үйлдвэр байгуулагдснаар эдийн засаг болон аймаг орон нутгийн хөгжилд ахиц болж орон нутгийн төсөвт хуримтлал үүсэх үйлд нийтдээ 1500 гаруй ажлын байр бий болно гэсэн тооцоо судалгаа гарч байгаа үйлдвэржилт дагасан хот болно” гэв.
Энэхүү уулзалтын үеэр Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх, Газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих барьж байгуулах боломжит байршлуудтай газар дээр нь танилцсан бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэр барихад 200 га, Зэс цэвэршүүлэх, хайлуулах үйлдвэр барихад 120 га талбай төлөвлөөд байгааг Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн захирал С.Ичинноров онцоллоо. Мөн Бор-Өндөрийн баяжуулах фабрикийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд цаашид үйлдвэр байгуулах тус уулзалтуудыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөлсөн юм.
О.Буянхишиг