Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл энэ онд 30 гаруй төрлийн ажил төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-17 11:54:58

Монгол Улсын Хилийн тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 10 дугаар сарын 26-ны 149 дүгээр зарлигаар батлагдсан “Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам”-ын дагуу Хэнтий аймгийн ХХТХЗ-ийн хуралдаан боллоо.

Тус хуралд аймгийн Засаг дарга бөгөөд ХХТХ-ний зөвлөлийн дарга, гишүүд оролцож, 2015 оны зөвлөлийн ажлыг хэлэлцэн 2016 онд хамтран ажиллах, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Цагдаа, Тагнуул, Онцгой байдлын газар, Тахарын хэсэг, Цэргийн штаб зэрэг байгууллагууд, мөн Прокурор, ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэстэй 2016 онд харилцан ажиллах төлөвлөгөө, Эрүүл мэндийн газартай хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Өнгөрсөн онд ХХТХЗ-өөс хилийн хамгаалалтад зориулж 18.0 сая төгрөгний өртөг бүхий туулах чадвар сайтай Ланд Круйзер-80 маркийн автомашин 1, “Маринер-3” маркийн хийлдэг завь 5 ширхэгийг хилчдийн албан хэрэгцээнд хандивласан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газартай хамтран 2015 оны 07 дугаар сарын 29-31-ний өдрүүдэд “Аврагч усчин бэлтгэх” анхан шатны сургалтыг зохион байгуулж, сургалтыг “Усанд эрэн хайх, аврах тактик ажиллагаа” сэдвээр онол, дадлага хэлбэрээр 3 өдөр зохион байгуулсан. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 18 сая 210 мянган төгрөгний хөрөнгө  оруулалтаар, улсын хилийн хариуцсан хэсэгт 77.7 км хэсэгт мөр хянах болон түймрээс хамгаалах зурвасыг татаж хил хамгаалалтад ашиглаж байна. Мөн “Эрүүл чийрэг хилчин” хөтөлбөрийг дэмжиж 6.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр бялдаржуулах танхимын тоног төхөөрөмж авч, хилчдийн бие бялдрыг хөгжүүлэх орчин нөхцлийг бүрдүүлсэн гээд улсын хил хамгаалалтад чиглэсэн олон асуудлыг шийдвэрлэжээ.

Аймгийн Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл нь 2016 онд удирдлага зохион байгуулалт, хил хамгаалалтад туслах, хилчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх гэсэн гурван чиглэлээр 30 гаруй төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.

О.Буянхишиг

 

 

Related news