Д.Цэвээндорж: Сумын ИТХ харам байдлаар ханддаг юм боловуу даа гэж ажиглагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-21 22:15:59

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Хурх тосгоны Багийн иргэдийн нийтийн хурлын дарга Д.Цэвээндоржтой тус тосгоны хөгжил хэрхэн явагдаж байгаа бөгөөд багийн иргэд нийтийн хуралд иргэдийн идэвх санаачлага хэрхэн байгаа талаар цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө яриагаа таны ажлын гараанаас яригааа эхлье. Та багийн ИНТХ-ын даргаас өмнө ямар ямар ажил төрөл эрхэлж байв.Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Би 1944 онд Батширээт сумын нутаг Омгонт гэдэг газар төрсөн. 1954 онд Батширээт сумын бага сургуульд орж суралцаад 1958 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд Биндэр сумын 10 жил рүү шилжиж 1964 онд төгссөн. Түүний дараагаар Эдийн засгийн сургуульд элсэн орж 1968 онд төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй хүн. Төгссөнийхөө дараагаар 1971 он хүртэл Галшар суманд эдийн засагчаар ажиллаж байгаад 1971-1981 он хүртэл аймгийн ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргааны хөдөө аж ахуйн удирдах газарт эдийн засагч, эдийн засгийн хэлтсийн даргын албыг хашиж 1987 он хүртэл Мөрөн сумын сум, нэгдлийн даргаар ажилласан. Тэр оноосоо Хурхын сангийн аж ахуйн орлогч даргаар 1990 он хүртэл ажиллаж 1990-1996 он хүртэл Гурванбаян сумын Засаг Даргын албыг хашиж, 1996-2004 он хүртэл Өмнөдэлгэр сумын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан даа.

-Багийн иргэдийн нийтийн хурал дээр үед байсан юм уу, энэ ер нь хэр ач холбогдолтой зүйл вэ?

-Би 2012 он 12 сарын 12-ны багийн иргэдийн нийтийн хурлаар энэ албанд сонгогдсон. Одоо 4 жил шахам ажиллаж байна. Багийн нийтийн хурал гэдэг бол 2012 оноос өмнө багийн хурал гэж сард нэг удаа юм уу, хагас жил, жилд нэг удаа санал шүүмж хэлэх, тайлан гаргах зэргээр явж байсан юм билээ. Тэрнээс хойш багийн иргэдийн нийтийн хурал гэж сум хөгжүүлэх сангаар дамжуулж багийн иргэдийн хуралд идэвхтэй оролцох болсон. Ажил яаж хийж, төлөвлөх үү, юуг нь түрүүлж, юуг нь дараагийнхд нь оруулах уу зэргээр шийдвэрлэх түвшний зүйлүүдийг хийж байна. Энэ бол бидэнд ихээхэн өөрчлөлтийг авчирсан гэж ойлгодог.

-Танай тосгоны иргэд  багийн хуралдаа хэр идэвхтэй оролцдог вэ?

-Ерөнхийдөө 58-аас дээш хувийн ирцтэй оролцдог. Үүнийг бол хүчин төгөлдөрт тооцно. Хийсэн ажлын биелэлт, төсөв, төлөвлөгөөнд оруулах, хэрэгжүүлэх, хэвлэж мэдээлэх гэсэн ажлуудад анхаарлаа тавьж ажилладаг.

-Багийн иргэдийн нийтийн хурал гэдэг багийн засаг даргынхаа ажлыг хянаж, үнэлэлт, дүгнэлт өгч байдаг гол төлөөлөл шүү дээ. Танай багийн засаг даргын хувьд хэрхэн яаж дүгнэгдэж ажилладаг вэ?

-Багийн иргэдийн нийтийн хурал бол хуулийнхаа дагуу тосгоны захирагчийн ажлын биелэлтийг жилдээ нэг хэлэлцэж байх учиртай. Үүнийг бид жил тутам өнгөрсөн 4 жилийн хугацаанд үнэлж, дүгнэсэн. Дандаа хангалттай гэсэн дүгнэлт гарч байгаа. Манайх мөн сургууль, хүн эмнэлэг, соёлын төв, цэцэрлэг, хэсгийн төлөөлөгч, сум хөгжүүлэх сан зэрэгт үнэлэлт өгч хэрэгжилтийг нь гаргадаг.

-Таны үе болон одоо үе хоёр өдөр, шөнө шиг л ялгаатай болсон. Хурх тосгоны хувьд баг юм уу гэхээр тосгон гээд, тосгон гэхээр нэг сумын харъяа болчихоод байдаг. Ер нь тосгоны хөгжлийн үе шат хэрхэн явагдаж байна. Ирээдүйг нь юу гэж төсөөлж харж байна даа?

-Анх 1982 онд Гурванбуян сум гэж байгуулагдсан юм. Хурхын сангийн аж ахуй бол 1981 онд үйл ажиллагаа нь эхэлсэн. Хурхын сангийн аж ахуй, Гурванбаян сум гэж байхад ургацаа авдаг, мал нь өсдөг, хүмүүсийн амьдрах  тав, тухтай орчин үеийн сум болон хөгжиж байсан түүхтэй. Тийм ч учраас манай сангийн аж ахуйгаас С.Баатар гэдэг гавъяат төрөн гарсан. Түүнээс бусад ерөнхий инженерүүд улсын тэргүүний мэргэжилтнүүд болж байсан. Харин 1990 оноос Хурхын сангийн аж ахуй хувьчлагдаж, олон компани болж тарсан. Мөн ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа нь өөрчлөгдөж Засаг дарга түүний тамгын газар болж хуулийн хүрээнд ажлаа явуулж эхэлсэн. Тэр 1990 оноос хойш 2000 он гартал бүх л зүйл дутагдаж, гачигдаж байсныг хүн бүхэн мэднэ. Одоо бол хөгжиж байна. Харин 1999 онд Өмнөдэлгэрийн баг болгох шийдвэр гарсан. Гурванбаян сумыг татан буулгах үндсэн шалтгаан нь зардал хэмнэх гэсэн байсан. Гэвч зардал хэмнэгдээгүй гэдгийг хүмүүс мэдэх байх. Сумын хэмжээнд л ажиллаж байна. Сумын хэмжээнд ажиллаж байгаа учраас зарим үед хөрөнгө мөнгө дутагддаг, сум орны дэмжлэг авахгүй байх, дэмжлээ ч тодорхой хэмжээнд хөрөнгө мөнгө, санаачлага дутагддаг нь үе үе ажиглагддаг. Тиймээс хөгжил нь удаашралтай байна. Ялангуяа сум хөгжүүлэх сан бусад сангуудын хувиарлалтыг сумаар дамжуулж өгдөг учраас нэлээн хэмжээгээр хасагддаг, танагддаг. Ялангуяа сумын ИТХ бол харам байдлаар ханддаг юм боловуу даа гэж ажиглагддаг.

О.Буянхишиг

 

Related news