Хугацаат цэргүүд шинэ байранд орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-02-24 11:01:07

УИХ, Засгийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ сарын 23-нд Зэвсэгт хүчний зарим ангид ажиллалаа.

 Сайдын тэргүүлсэн албаныхан ашиглалтад ороод удаагүй байгаа хугацаат цэргийн байраар зочлов. Нийслэлийн 9 дүүрэг, 8 аймгийн залуус хугацаат цэргийн албанд татагддаг дугаар ангийн цэргүүдийн байр 1937 онд ашиглалтад орсон, насжилт нь хэтэрсэн байсан учраас салбарынхаа удирдлагуудын дэмжлэгээр барилгаа цоо шинээр засчээ.

Тодруулбал, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин залуус өнгөрсөн оны 9 дүгээр сараас эхлэн 12 дугаар сар хүртэл ердөө 4 сарын хугацаанд хуучин байрыг засч сайжруулан орчин үеийн барилга болгож хүлээлгэсэн өгсөн байна. Өдгөө хугацаат цэргүүд шаардлага хангасан, орчин үеийн байранд дулаахан, тав тухтайгаар албан үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ангийн ажилтан, алба хаагчидтай уулзахдаа батлан хамгаалах салбарт өрнөж буй бүтээн байгуулалт, хууль эрх зүйн шинэчлэлүүд болоод цаашид авах арга хэмжээнийхээ тухай танилцуулсан. Одоо бидний өмнө “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-ийг боловсруулан Засгийн газраар шийдвэрлүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд батлан хамгаалах зорилт, арга хэмжээг тусгах ажил бидний өмнө бий. Түүнчлэн 2015 онд хамгийн олон алба хаагч орон сууцанд орж чадлаа. Цаашдаа алба хаагчдынхаа нийгмийн асуудалд анхаарч ажиллах эрч хүч маань буурахгүй. Өнөөдөр манай цэргийнхэн өөрийн гэсэн орон сууц, байшин барилга авч чадалгүй албан тушаалын байранд амьдарч байгаад тэтгэвэрт гарах болохоор орон гэргүй болоод үлдэж байна. Цаашдаа ийм байж таарахгүй. Эх орныхоо төлөө, эр цэргийнхээ төлөө яваа ажилтан алба хаагчдынхаа ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлд нь анхаарна. Салбарын сайдын зүгээс алба хаагчдаа хувийн орон сууцтай болох, хөнгөлттэй үнээр орон сууц худалдан авах талаас нь анхаарч, хэд хэдэн санал санаачлага хэрэгжүүлэхээр ажиллаж байна хэмээн онцолсон. Төгсгөлд нь эх орноо батлан хамгаалах их үйлсэд нь амжилт хүсээд эрхэлсэн ажилдаа эзэн нь болж, бүтээлч, санаачлагатай байхыг уриалсан юм. 

Ц.Цолмон сайдын хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Ар тал, хангалт үйлчилгээний газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан сайдыг дагалдсан байна.

Ж.Батсайхан

Related news