50 ортой хүүхдийн эмнэлгийн асуудал дахин хойшиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 14:20:22

Энэ онд Орхон аймагт улсын төсвийн 4 тэрбум төгрөгөөр 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөсөн ч барилгын ажил эхэлсэнгүй. Учир нь ЭМСЯ-наас санхүүжилт хийсэнгүй. 
Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хашаанд 100 ортой хүүхдийн эмнэлэг барих тухай гурван жилийн өмнөөс яригдсан бөгөөд өнгөрсөн жил орны тоог нь 50 болгож бууруулан санхүүжилт хийхээр болсон.  Харамсалтай нь эдийн засгийн хямралаас болж дээрх асуудал дахин хойшиллоо. 
Орхон аймгийн БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 35 ортой бөгөөд зарим тохиолдолд 100 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлэх шаардлага гардаг юм. Тэрч байтугай тасгийн хонгилд ор засч хүүхдүүдийг хэвтүүлдэг. Иймд орон нутгийн зүгээс эл асуудлыг шийдэх гэж удаа дараа харьяа яаманд нь мэдэгдсэн боловч ийнхүү цаг алдсаар л байна. 

Б.Оюун-Эрдэнэ 
.
    

 

Related news
Comments