Иргэдэд ойн менежментийг сайжруулах талаар зөвлөгөө өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Дадал суманд “Ойн менежментийг сайжруулахад талуудын оролцоо” сэдэвт зөвлөлгөөн боллоо.
Тус зөвлөлгөөнийг Дадал сумын ИТХ, ЗДТГ зохион байгуулж, аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онон балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Цэнхэрмандал, Биндэр сумын болон сум дундын ойн анги, тус сумын “Балжхаан”, “Цагаан булаг андууд” ойн мэргэжлийн байгууллага, Ойн нөхөрлөлүүдийн болон 100 гаруй иргэдийн төлөөлөл оролцов.
Уг зөвлөлгөөн нь Онон голын сав газрын ойн менежментийг хөгжүүлэх, Хэнтий аймгийн Дадал сумын ойн ашиглалт, нөхөн сэргээлт, хамгаалалтын менежментийг сайжруулах, талуудын оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөл сум, Тусгай хамгаалалттай газар нутаг /ТХГН/-/ ойн менежментийг сайжруулахад шаардлагатай хамтран ажиллах санамж гаргах, хамтын ажиллагааны төлөвлөлтийг боловсруулах, талуудын эрх үүргийн зарчмыг тодорхойлох зорилготой ажээ.
Зөвлөлгөөнөөр Хэнтий аймгийн ойн бодлого төлөвлөлт, Онон балжийн байгалийн цогцолборт газар /ОББЦГ/-ын ойн талаар баримтлах бодлого хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Дадал сумын ойн талаар баримталж буй бодлого, Ойн нөхөрлөлүүдийн хууль эрхзүйн орчны үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж, Дадал сумын өнгөрөгч оны мод бэлтгэлийн гүйцэтгэл, энэ оны төлөвлөгөө, Ойн ашиглалтын чиглэлээр гарч буй зөрчлүүд түүнийг бууруулах арга зам зэрэг сэдвээр илтгэл хэлэлцэгдлээ. Мөн Дадал сумын ЕБС-ийн “Ногоон арал” эко клубын сурагчид сумын иргэдээс ойтой холбоотой асуудлаар судалгаа хийсэн дүнгээ танилцууллаа.
Мөн ойн албанаас зөвлөлгөөний үеэр Хэнтий аймгийн ойн талаар баримтлаж буй бодлого чиглэл сэдвээр зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл өгч иргэд, аж ахуйн нэгж байгууллага, ойн нөхөрлөлийн сонирхсон асуултанд хариулт өглөө. Энэ үеэр иргэдийн дунд түгээмэл байсан нь байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль орон нутагт хэрэгжихгүй байна. Сумын ИТХ уг хуулийн хэрэгжилтийг огт хангахгүй байна. Энэ талаар аймгийн БОАЖГ юу хийж байна вэ? , Ойн нөхөрлөлүүд ойн ангитай хамтарч ойн менежментийн төлөвлөгөөг хийж болох уу? Ой хээрийн түймэр гарсан үед орон нутгаа сайн мэддэг хүмүүст цурам тавих эрх алга байна. ОБГ 20-30 км-ийн цаанаас цурав тавьж хохирол учруулж байна. Энэ талаар аймгийн ОБГ-т хэлж өгөөч? Газар нутгаа сайн мэддэг хүнд цурам тавих эрхтэй болгож болох уу, 2016 онд ойн мэргэжлийн байгууллагын ойжуулалтын үүрэг 2 дахин багассан байна. Бидний мэргэжлийн байгууллагад төлдөг нөхөн сэргээлтийн зардал багасах уу, түймэрт өртсөн модыг үлдээлгүй бүгдийг авч тухайн жилд нь бүрэн ойжуулалт хийх хэрэгтэй байна зэрэг асуултад хууль журмын дагуу хариулт өгсөн бөгөөд зарим иргэд ганцаарчлан уулзаж зөвлөгөө авлаа.
Зөвлөлгөөний эцэст талуудын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичгийн төслийг хэлэлцэл асуудал бүрт санал авч зөвлөлгөөнд оролцогчдын 100 хувийн саналаар батлав. Уг санамж бичигт БОАЖГ, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Сум дундын ойн анги /СДОА/, аж ахуйн нэгж байгууллага, нөхөрлөлүүдийн холбоо, Дэлхийн Байгаль хамгаалах сан, иргэдийн хүлээх үүрэг, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар тодорхой заажээ.
Хэнтий аймаг О.Буянхишиг