Хэнтий аймагт 96 орон сууц түрээслүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-03-01 15:48:53

“Төрийн орон сууцны корпораци”-ийн Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт захиалж бариулсан орон сууцнаас 929 орон сууцыг төрийн түрээсийн орон сууцны санд шилжүүлэх, түүнийг холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэх үйл ажиллагааг эрхлэх тогтоол гарсан юм. Тогтоолын дагуу Хэнтий аймагт 96, тус аймгийн Бор-Өндөр суманд 10 орон сууцыг түрээслүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж эхэллээ.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор баталсан. Уг хөтөлбөрийг төрийн түрээсийн орон сууц, орон нутгийн түрээсийн орон сууц, хувийн өмчийн түрээсийн орон сууц гэсэн гурван өмчийн хэлбэртэйгээр хэрэгжүүлэх юм.

“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь төрийн түрээсийн орон сууцны ашиглалт удирдлагыг хариуцан ажиллах бөгөөд иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг БХБЯам баталж, улмаар Төрийн орон сууцны корпораци нь гүйцэтгэх дотоод журам баталснаар хөтөлбөр бүрэн хэрэгжих ажээ. Тус орон сууцанд амьдрах иргэнээс болзошгүй эрсдэлийг нөхөх зорилгоор барьцаа төлбөр авах бөгөөд уг төлбөрийн хэмжээ нь 3 сарын түрээсийн төлбөрэй тэнцүү байна. Төрийн өмчийн түрээсийн орон сууцны нэг сарын төлбөр нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан өрхийн сарын дундаж орлогын 25 хувиас хэтрэхгүй гэж заасны дагуу Улаанбаатар хотод нэг байрны үнийг сарын 200-280 мянган төгрөг /1мкв- 5500 төгрөг/, орон нутагт 140-230 мянган төгрөг /1мкв-4000 төгрөг/, нэг байр 30-50 метрквадрат байхаар тусгажээ.

Дээрх үнийг ҮСХ-оос гаргадаг өрхийн орлогын төвшингийн өөрчлөлтөөс хамаарч 1-2 жил тутамд шинэчлэн тогтоож байхаар мөн журамд тусгав. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт 5 хүртлэх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой бөгөөд хүсэлтээ ТОСК-д хүргүүлэх юм.

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16 мянга, хөдөө орон нутагт 4 мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлж ашиглахаар төлөвлөжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news