“General Motors” компани зарим үйлдвэрээ хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-11-27 10:43:35

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын автомашин үйлдвэрлэгч General Motors компани хойд Америк дахь таван үйлдвэрийнхээ үйл ажиллагааг зогсоохоор төлөвлөж байгаа тухай компанийн төлөөлөгч мэдээлэв. Ингэснээр 14 мянга гаруй ажлын байр үгүй болох ажээ.


Компани мэдэгдэлдээ, ирэх 2019 оны эцэс гэхэд гурван үйлдвэрээ хаахаар төлөвлөсөн тухайгаа дурджээ. Энэхүү шийдвэр нь тус компанийн автомашины борлуулалт буурч, өртөг өссөнтэй холбоотойгоос гадна уг компани ачааны машин болон цахилгаан, автомат жолоодлоготой автомашины үйлдвэрлэлдээ гол анхаарлаа хандуулахаар болсон байна.


Хойд Америкийн худалдан авагчид жижиг автомашинаас илүү бага оврын жийп болон ачааны машиныг сонирхох болсон нь компанийн борлуулалт буурахад ихээхэн нөлөөлсөн юм. Эдгээр автомашин нь АНУ-ын автомашины худалдааны 70 орчим хувийг бүрдүүлэх болжээ.


“Бид цаашид эрэлт өсөх хандлагатай байгаа цахилгаан болон автомат жолоодлоготой тээврийн хэрэгслийн салбарт хөрөнгө оруулахыг хүсч байна” гэж General Motors компанийн гүйцэтгэх захирал Мэри Тереза Барра мэдэгдсэн байна. 

Related news