Завханд нялхсын эндэгдэл буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-12-03 11:51:49

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Статистикийн хэлтсээс Завхан аймгийн нийгэм эдийн засгийн ээлжит статистик мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Аймгийн хэмжээнд 1192 эх амаржиж, амьд төрсөн хүүхэд 1191 болж, өмнөх оноос амаржсан эх, амьд төрсөн хүүхдийн тоо өсссөн байна.

Харин нялхсын эндэгдэл эхний 10 дугаар сард 15 болж, өмнөх оноос 32 хувиар буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 350 болж, өмнөх оноос 13 хувиар буурчээ энэ нь бэлгийн замаар дамжих халдварт өвчин буурсантай холбоотой хэмээн эрүүл мэндийн салбарынхан мэдээлжээ. Энэ улиралд 14.3 мянган өвчтөнийг 106.8 мянган ор хоногоор эрүүл мэндийн төвүүд болон, нэгдсэн эмнэлэг хэвтүүлж  эмчилсэн байна. 263.4 мянган хүнд амбулатороор дамжуулан эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж 1270 жирэмсэн эхийг шинээр хяналтанд авсан тухай эерэг мэдээллээр статистик мэдээллийг эхлүүллээ.

Дээд боловсролтой залуучууд ажил идэвхтэй хайж байгаа гэв

Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн ажил идэвхитэй хайж байгаа хүний тоо 1017 болж, өнгөрсөн оны мөн үеэс 5.3 хувиар өсчээ.

Аймгийн хэмжээнд 568 эмэгтэй ажил идэвхитэй хайж байгаа нь ажилгүйчүүдийн 60 орчим хувийг эзэлж байна. Учир нь ажил идэвхитэй хайж байгаа эрэгтэйчүүд нь барилгын болон зам засварын ажлуудад ихэвчлэн зуучлагдаж байгаа учраас эмэгтэйчүүдийн тоо ихэссэн байх. Бүртгэлтэй ажилгүйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 18.2 хувь нь 15-24 нас, 30 хувь нь 25-34 нас,дөрөв орчим хувь нь л 55-59 нас, хоёр орчим хувь нь 60-аас дээш насны ажилгүйчүүд байна. Ажилгүйчүүдийн  2.1 хувь нь боловсролгүй, дөрвөн хувь нь техникийн болон мэргэжлийн, 22.4 хувь нь дээд боловсролтой хүмүүс тус тус эзэлж байна. Үүнээс харахад дээд боловсрол эзэмшсэн залуучууд ажилгүй, ажил идэвхитэй хайж байна хэмээв.

Гэмт хэргийн тоо буурчээ

Завхан аймгийн хэмжээгээр 187  гэмт хэрэг бүртгэгдсэнээс 31.6 хувийг иргэдийн эрх чөлөө эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна.

Үүнээс 38.5 хувь нь бусдын өмчлөлийн эсрэг гэмт хэрэг 29.9 хувийг бусад гэмт хэрэг эзэлж, өнгөрсөн оны мөн үеэс гэмт хэргийн тоо 12-оор буурсан байна. Эхний 10 сард гэмт хэргийн улмаас 11 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан байна. Оны эхнээс өссөн дүнгээр 6326 зөрчил илрүүлж, 540 хүн эрүүлжигдсэн байна. Харин 169 хүн баривчлагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс зөрчил буурч, эрүүлжигдсэн хүн, баривчлагдсан хүн,  учирсан хохирол 306.0 сая төгрөгөөр тус тус өссөн байна. Гэмт хэргийн гаралт буурсан нь нийтийн эзэмшлийн гудамж талбай, автозам дагуу болон гэр хорооллын гудамжнуудад тавьсан хяналтын камерийн үр нөлөө юм. Ер нь иргэд хяналтын камертай газруудад хэв журам зөрчих нь бага байдаг. Гэмт хэрэг гарсан ч илрүүлэлт сайн байгаа талаарх мэдээллийг өгөв.

Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн үйлдвэрлэл нэмэгджээ

Завхан аймагт аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл эхний 10 сарын  байдлаар оны үнээр 11430.1 сая төгрөг болж, өнгөрсөн оноос найм орчим хувиар өсчээ.

Нийт үйлдвэрлэлээс аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл нь 7867.1 сая төгрөг, иргэдийн үйлдвэрлэл нь 3563.0 сая төгрөг болсон байна. Үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэл 41.0 хувийг, хүнсний үйлдвэрлэл 43.5 хувь, хувцас үйлдвэрлэл 5.6 хувь, модон эдлэл үйлдвэрлэл 6.7  хувь, эсгий эдлэл үйлдвэрлэл 1.3  хувь, өлөн гэдэс үйлдвэрлэл барилгын ханын материал үйлдвэрлэл гурав орчим хувийг тус тус үйлдвэрлэжээ. Гэхдээ өмнөх оноос иргэдийн болон , хоршоо нөхөрлөлүүдийн үйлдвэрлэл өссөн төдийгүй бүтээгдэхүүний чанар, дизайны тоо нэмэгдсэн төдийгүй дотоодын үйлдвэрлэлийн худалдан авалт сайжирсан байгааг дуулгахад таатай байна хэмээн аймгийн Статистикийн хэлтэс мэдээлэв.

Related news