Дарханхаан ууланд 2 эм аргаль нутагшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-09 15:42:14

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дарханхаан ууланд хоёр аргаль нутагшиж байна. Анх 2009 онд нэг охин аргаль ирсэн бол 2014 онд дахин нэг эм аргаль иржээ. Дарханхаан ууланд нутагшиж буй 2 аргаль, хоёулаа эм учир үрждэггүй гэнэ.

Тиймээс сум орон нутгийн зүгээс холбогдох байгууллага болон, хувь хүмүүст хандсан ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Хоёр аргаль энэ хэвээрээ байвал өсч үржилгүй, үхэх болно. Байгалийн сайхан амьтан гээд харж баясахаас гадна, биологийн бүтэц, өсч үржих асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Аймгийн Байгаль орчны газар үүнийг мэдэж байгаа ч шийдэж чадахгүй байгаагаа хэлсэн юм.

Дарханхаан уулыг 2012 онд улсын тусгай хамгаалалттай бүс нутаг , байгалийн дурсгалт газар болгосон. Тус ууланд бор гөрөөс, хар сүүлт зэрэг ховор амьтад бий. Мөн Сүхбаатар сумын газар нутагт 2012 онд 20 тарвага нутагшуулсан нь 4 жилийн хугацаанд 100 гаруй толгой болтлоо өссөн байна.

Сүхбаатар аймагт 200 гаруй тооны аргаль, угалз бий. Голлон Баяндэлгэр, Түвшинширээ, Мөнххаан зэрэг сумдад нутагладаг.

Т. Одончимэг

Related news