СҮХБААТАР: Эрүүл мэндийн албаны бэлэн байдлыг шалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-30 15:06:29

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн албаны хүн хүч, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах, гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хойшлуулшгүй сэргээн босгох чадавхыг нэмэгдүүлэх, мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Команд штаб"-ын сургууль зохион байгууллаа.

 

Гамшгаас хамгаалах дадлага сургууль зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын 2025 оны А/46 дугаар захирамжийн дагуу удирдлагын штабын нэг нэгж эрүүл мэндийн албаны 18, мэргэжлийн ангийн 13 бүлэг, 78 нийт 96 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, гамшгийн нөхцөл байдалд ажиллах дадлага, сургууль хийлээ.


 

Үзлэгийн хүрээнд 40 ортой хээрийн эмнэлэг байршуулан нэр бүхий халдварт өвчний тохиолдол дээр хээрийн сургуулилалт хийж, шаардлагатай үед иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэв.

 

Тус үзлэгээр гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, байгууллагын алба, нэгжийн бэлтгэл хангалт, эрсдэлийн үед хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагаа болон шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг үнэлж, сайжруулахад чиглэсэн дүгнэлт, зөвлөмжийг гаргалаа.

 

Ийнхүү бэлэн байдлын үзлэгийг тогтмол зохион байгуулснаар байгууллагын гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чухал ач холбогдолтой юм.

 






Related news