Онцгой байдлын алба хаагчид 91 иргэний амь насыг хамгаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн Онцгой байдлын газарт өнгөрсөн
жил нийт
96 удаагийн гамшиг ослын дуудлага иржээ. Үүнээс ой хээрийн
түймэр дөрөв, автомашин
эвдэрсэн долоо, автомашин цас,
шавар, усанд суусан 14, хүн, малын гоц халдварт 9, шар
усны үерийн дөрвөн дуудлага ирсэн байна.
Мөн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн жил объектын гал түймрийн 42 удаагийн дуудлагаар шуурхай ажиллагаа зохион байгуулж 91 иргэний амь насыг учирч болзошгүй эрсдэлээс авран хамгаалжээ. Мөн гал түймрийг тархан дэлгэрүүлэлгүй богино хугацаанд унтрааж байгууллага, аж ахуй нэгж иргэний 589,8 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ. Эдгээр гал түймрийн улмаас 263.2 сая төгрөгийн хохирол байгууллага аж ахуйн нэгж иргэдэд учирсан байна. Нийт дуудлага 2017 оноос 65 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд учирч болзошгүй эрсдэлийн үед бэлэн байх, ямар нэгэн эрсдэлд орохгүй байх талаарх мэдээлэл мэдлэг нэмэгдсэний үр дүн юм. Онцгой байдлын газраас учирч болзошгүй эрсдэлийн үед хэрхэн ажиллах, урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед бэлтгэл бэлэн байдлыг хангах талаарх сургалт сурталчилгааны ажлыг 24 суманд амжилттай зохион байгуулж, 5600 гаруй иргэн, байгууллага аж ахуйн нэгжид сургалт хийжээ.
Ой хээрийн түймрийн улмаас 17.8 сая төгрөгийн
хохирол учирчээ
Харин Завхан аймгийн хэмжээнд өнгөрсөн жил ой хээрийн
түймэр дөрвөн удаа гарчээ.
Тосонцэнгэл суманд хоёр, Цагаанчулуут суманд хоёр удаа ой, хээрийн түймэр гарч 12 га ой, 13.5 га бэлчээрийн талбай шатаж байгаль экологид 17.8 сая төгрөгийн хохирол учирчээ. Түймрийг унтраахад 1.3 сая төгрөгийн зардал гарсан байна. Ой хээрийн түймрийг унтраахад Онцгой байдлын албанаас 36 албан хаагч, гурван автомашин, орон нутгаас 88 иргэн ажиллажээ. Түймрийг унтраахад нийт 126 хүн, 17 техник тус тус ажиллаж бүрэн унтраасан байна. Гарч буй гал түймрийн эзэн, шалтгаан тогтоогдоогүй байгаа. Манай газар нь болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн аюулаас хүний амь нас эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчныг авран хамгаалах, сэргээн босгох, дээрх үйл ажиллагаанд ард иргэдийг сурган дадлагажуулах үүргээ 2018 онд амжилттай хэрэгжүүлж ажиллалаа хэмээн Завханы Онцгой байдлын газраас мэдээлэв.