Завханы Э.Бямбажаргал 2019 оны дэлхийн тусгай олимпод оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.
Улиастай сумын IV сургуулийн насан туршийн боловсролын ангийн
суралцагч Э.Бямбажаргал нь Монгол Улсаа төлөөлөн Арабын Нэгдсэн Эмирт улсын Абу Даби хотод болох тусгай
олимпийн дэлхийн наадамд жүдо бөхийн төрлөөр оролцох эрхээ аваад байна.
Тэрээр 2002 онд төрсөн, төрөлхийн саажилттай бөгөөд ээжтэйгээ хамт амьдардаг ажээ.
Э.Бямбажаргал нь 2015 оноос
эхлэн тусгай олимпийн уралдаан тэмцээнд оролцож, туршлагатай тамирчин болжээ. Тухайлбал Ховд аймагт болсон баруун бүсийн өвлийн тусгай
олимпод цасны гуталтай гүйлтийн төрөлд II байр, цанын төрөлд тусгай байр эзэлж байжээ. Мөн улсын
аварга шалгаруулах өвлийн тусгай олимпод цанын
төрөлд II байр, цасны гуталтай гүйлтийн төрөлд тусгай байр, Говь-Алтай
аймагт болсон өвлийн тусгай олимпоос
50м-ийн гүйлтийн төрөлд алтан медаль, 100м-ийн
гүйлтийн төрөлд мөнгөн медаль, уран гимнастикийн
төрөлд алтан медаль, уртын харайлтаар хүрэл медаль тус тус
хүртсэн амжилт үзүүлжээ. Э.Бямбажаргал:
“-Би насан туршийн боловсролын холимог бүлэгт суралцдаг. Суралцахынхаа
хажуугаар спортоор хичээллэх дуртай. Тэмцээн бүрээс би урам авдаг. Жил бүр
амжилтаа ахиулахыг хичээдэг. Мөн спортын олон төрлөөр хичээллэх дуртай. Энэ
жилийн дэлхийн тусгай олимпод оролцох эрхээ авсан. Мөн жүдо бөхөөр хичээллэж
байна. Олимпийн бэлтгэлээ өдөр бүр хийж байгаа. Дасгалжуулж дэмжиж байгаа
сургуулийнхаа удирдлагууд, багш нартаа баярлалаа. Өдөр бүр оюуны бэрхшээлтэй,
өөртэйгээ адилхан спортоор хичээллэдэг хүүхдүүдтэй хамт дасгалжуулагч багш Л.Олонбаярын удирдлаган дор бэлтгэлээ базааж байна” гэлээ.
Арабын Нэгдсэн Эмирт улсын Абу Даби хотод зохион байгуулагдах 2019 оны тусгай олимпийн Дэлхийн зуны наадамд 192 улсын 7200 тамирчин спортын 24 төрлөөр өрсөлдөх юм байна. Энэхүү наадамд Монголын Тусгай олимпийн хорооноос долоон төрлөөр нийт 21 тамирчин, дасгалжуулагч багшийн бүрэлдэхүүнтэй оролцох ажээ.