Баялаг бүтээгч 100 эмэгтэйд хүндэтгэл үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан/МОНЦАМЭ/.Завхан
аймгийн ЗДТГ-аас аймгийн 24 сумын баялаг бүтээгч 100 эмэгтэйг хүлээн авч
хүндэтгэл үзүүлжээ. Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд хүрэлцэн ирэгсдийн хамгийн залуу нь 28 настай, хамгийн ахмад нь 70 шүргэж яваа эмэгтэй байв.
Эдгээр эмэгтэйчүүд сүү цагаан идээ боловсруулах, жимс жимсгэнэ боловсруулах, хүнсний төрөл бүрийн үйлдвэрлэл, зөөлөн оёдол, арьс ширэн бүтээгдэхүүн, мод модон эдлэл, барилгын материал, оёдлын үйлдвэрлэл, гоо сайхан, үсчний үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуй, фермерийн гэхчлэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөдөө орон нутагтаа хөгжүүлж баялаг бүтээгчдийн төлөөлөл юм байна. Завхан аймаг хэрэглэгч аймгаас үйлдвэрлэгч аймагт шилжих томоохон зорилтыг тавиад жил бүр зорилтын хүрээнд олон талт үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ажиллаж байгаа ажээ. Аймагтаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлж баялаг бүтээх их үйлсэд эмэгтэйчүүд манлайлан ажилладаг байна. Тухайлбал 2018 онд Завхан аймгийн үйлдвэрлэл эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн 80 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Мөн орон нутагт амжилттай үйл ажиллагаа явуулж буй баялаг бүтээгч үйлдвэрүүдийг эмэгтэйчүүд удирдан ажиллаж байгаа аж. Жил бүрийн орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаануудад оролцож буй бүтээлийн ихэнх хувийг эмэгтэйчүүдийн бүтээл эзэлж байна. Тиймээс жил бүрийн үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцдог 24 сумын баялаг бүтээгч эмэгтэйчүүдийн төлөөллийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан ийнхүү хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.
Завхан аймгийн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлт
сүүлийн гурван жил дараалан өссөн үзүүлэлттэй гарчээ.
Үйлдвэрлэл өссөнд мах
боловсруулалт нөлөөлжээ
Завхан аймгийн баялаг
бүтээгч 100 эмэгтэйд хүндэтгэл үзүүлэх үеэр аймгийн 2018 оны аж
үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл оны үнээр 31 тэрбум 133.2 сая төгрөг
болж, өнгөрсөн оноос 2.3 дахин өссөн буюу 17 тэрбум 751 сая төгрөгөөр өссөн талаар аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс ААНэгжийн үйлдвэрлэл нь 26 тэрбум гаруй, иргэдийн үйлдвэрлэл нь дөрвөн тэрбум 545.2 сая төгрөг болсон байна. Өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэл 2,3 дахин өссөн нь 3087 тонн мах боловсруулан экспортолсон нь нөлөөлсөн байна. Үйлдвэрлэлд цахилгаан, дулаан, усан хангамжийн үйлдвэрлэл 20.8 хувийг, хүнсний үйлдвэрлэл 19.5 хувь, боловсруулсан мах 52,7 хувь, хувцас үйлдвэрлэл 2.6 хувь, модон эдлэл үйлдвэрлэл 2.9 хувь, эсгий эдлэл үйлдвэрлэл 0.5 хувь, өлөн гэдэс үйлдвэрлэл 0.3 хувийг тус тус эзэлжээ. Харин барилгын ханын материал үйлдвэрлэл 0.4 хувь, вакум цонх үйлдвэрлэл 0.1 хувь, бусад үйлдвэрлэл 0.2 хувийг тус тус эзэлж байна. Улсын дүнд орсноор уул уурхайн салбар 160 тэрбум 390 сая төгрөгийн алт, хоёр тэрбум 634 сая төгрөгийн мөнгө олборлосон байна хэмээн аймгийн Статистикийн газраас нэмж мэдээлэв.