Зөв Улиастайд 70 гаруй залуус нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-04-16 09:54:38

Завхан /МОНЦАМЭ/. Завханы хэсэг залуучууд нэгдэж "Зөвд тэмүүлцгээе" уриатайгаар Зөв Улиастай нэгдлийг санаачлан байгуулж, анхныхаа хөтөлбөрийг амралтын өдөр эхлүүлж 70 гаруй иргэн оролцлоо. 

Зөвд тэмүүлцгээхийн тулд Улиастай сумын бүх насныхан энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой аж. Сард нэг удаа иргэдэд хэрэгтэй сэдвээр, зөвлөгөө өгөх, илтгэл хэлэлцүүлэх, бие биеэсээ суралцах боломжийг олгох зорилготой тус сургалт, лекцэд хүссэн багш бүр мөн оролцох боломжтой юм байна.

Тухайлбал хөтөлбөрийнхөө анхны нээлттэй ярилцлага, илтгэлийг "Миний англи хэл сурсан түүх" сэдвээр залуу бизнес эрхлэгч Б.Түдэвваанчиг, "Өлсөх, ус уухын ач холбогдлыг ойлгох нь" сэдвээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Пунцагдулам нар тавьж оролцогчдын асуултад нээлттэй хариулж, хамтран суралцах зарчмаар явуулсан байна. Мөн тэд лекц, сургалт, ярилцлагад оролцож буй оролцогчдоо нэг удаагийн цаасан аяга хэрэглэхээс татгалзаж өөрийн аягатайгаа ирэхийг санал болгожээ. Учир нь бид байгаль орчноо хамгаалахад гар бие оролцох ёстой.

Түүнчлэн эдгээр арга хэмжээнүүд маань бага зэрэг төлбөртэй хэдий ч бид оролцогчдынхоо төлбөрийн нэгээхэн хэсгийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн тарианы өрөөний тохижуулалтад зарцуулахаар төлөвлөсөн байгаа. Бидний үйл ажиллагаа бүр зөвд тэмүүлэх, хүүхэд залуучуудыг зөв зорилготой болгох, бусдадаа үлгэрлэх зөв дадалтай болгох зорилготой юм хэмээн зохион байгуулагчид мэдээлэв. Мөн Зөв улиастай нэгдэл нь ямар нэг байгууллага, хувь хүн, ТББ ийн үйл ажиллагааг сурталчилахгүй ба энэ нэгдэлд төрийн болон төрийн бус байгууллагууд иргэд Улиастайн зөв зүйлийн төлөө нэгдэж хамтарч ажиллахад нээлттэй юм. Тиймээс анхны үйл ажиллагааг маань дэмжиж аймгийн ГБХЗХГ хамтран оролцсон юм хэмээв. Дашрамд дуулгахад, Завханы ГБХЗХГ-аас хүүхэд, залуучуудын сурч боловсрох хөгжих, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор залуучуудын ямар ч төрлийн үйл ажиллагааг дэмжиж хамтран оролцдог аж. Өнгөрсөн жил хүүхэд, залуучуудын төлөвшил, эрүүл мэнд, соёл хүмүүжлийн чиглэлээрх үйл ажиллагаануудад давхардсан тоогоор 5600 гаруй хүүхэд залуус хамрагджээ.  

Related news