Брюссельд цагдаагийн томоохон ажиллагаа явуулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-03-25 11:13:12

БРЮССЕЛЬ. /TASS/. Гуравдугаар сарын 22-нд болсон халдлагыг мөрдөн шалгах ажлын хүрээнд Бельгийн нийслэл Брюссель хотын гурван бүсэд цагдаагийн томоохон ажиллагаа явуулж, зургаан хүн баривчилсан тухай тус улсын Прокурорын газар мэдэгджээ.

“Бельгийн Прокурорын газраас нээсэн Брюссель хотын Завентем нисэх онгоцны буудал болон "Маэльбек" метроны буудалд болсон халдлагын хэргийг мөрдөн шалгах ажлын хүрээнд Брюссель-капиталь /хотын төв/, Жетт /баруун хойд хэсэг/, Скарбак /зүүн хойд хэсэг/ гэсэн нийслэл хотын гурван бүсэд ажиллагаа явуулж нэгжлэг хийлээ. Ажиллагааны явцад зургаан хүнийг баривчилсан бөгөөд тэднийг цагдан хорих шийдвэрийг баасан гарагт гаргана” гэж Прокурорын газрын мэдээлжээ.

Бельгийн нийслэл хотод гуравдугаар сарын 22-нд гурван дэлбэрэлт болсон юм. Тус улсын Эрүүл мэндийн яамны урьдчилсан мэдээллээр, цуврал халдлагын улмаас 31 хүн амиа алдаж, 316 хүн гэмтэж шархадсаны 121 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Д.Жаргал
 

Related news