Ерөнхий сайд Ч. Сайханбилэг Сүхбаатар аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-03-25 17:55:24

Монгол Улсын ерөнхий сайд Ч. Сайханбилэг 3 сарын 25-ны өглөө Дорнод аймгаас гарч Сүхбаатар аймагт өдөр 12 цагт ирлээ.

Ерөнхий сайдын айлчлалын эхэнд  аймгийн засаг дарга Ж. Батсуурь аймаг орон нутагт сүүлийн жилүүдэд хийгдсэн бүтээн байгуулалт, цаг үеийн ажил байдлын талаар илтгэл танилцуулсан. Ерөнхий сайд Ч. Сайханбилэг аймгийн засаг даргын илтгэлийн дараа нийт Сүхбаатарчууддаа хандан баяр хүргээд, “Ер нь баг хамт олноороо сэтгэл гаргаад хичээж ажиллах юм бол тухайн аймаг орон нутагт ямар их нөөц бололцоо байгааг олж харан түүнийгээ зөв ашиглаж аймаг орон нутгаа хөгжүүлж, заавал улсын төсөв харалгүйгээр өөрчлөлтийг хийж үр дүнд хүрч болдог гэдгийг батлан харууллаа” хэмээн хэлсэн юм.

Үүний дараагаар Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын шинэ байрны нээлтэд оролцож, Номин худалдааны төв, Боловсрол хороолол, Зүүн бүсийн худалдааны төвийн үйл ажиллагаатай тус тус танилцана. Мөн Жаахан шарга театрт аймгийн ард иргэдтэй уулзах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөллүүдтэй уулзана. Сүхбаатар аймагт хоноглоод маргааш өглөө Улаанбаатар хотруу хөдлөх юм байна.

Т. Одончимэг

Related news