Цахим эмнэлэг хөтөлбөрийн хүрээнд 771,7 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 14:45:05

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын эмч, академич Н.Баасанжавын нэрэмжит Ховд дахь БОЭТ-д БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд хөтөлбөрийн нээлтийн ёслолын ажиллагаа энэ оны 03-р сарын 23-ны өдөр  боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Нийгмийн Бодлого, Боловсрол соёл, Шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д.Батцогт, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ёслолд Ховд аймгийн засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Цэвээнравдан нээж хэлсэн үгэндээ “Мэдээллийн технологийн дэвшлийг эрүүл мэндийн салбарт зөв зохистой нэвтрүүлснээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, хүлээгдэж чирэгдлийг бууруулж эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон удирдлагуудын шийдвэр гаргалтыг оновчтой болгож чадах юм. Энэхүү төслийг Ховд нутгийнхаа эрүүл мэндийн салбарт амжилттай хэрэгжүүлж, Баруун бүс нутгийн хүн ардын эрүүл мэнд, эрүүл орчинд ажиллаж амьдрах, хүн арддаа хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ сайжирна гэдэгт итгэл төгс байна” хэмээн онцоллоо.

Цахим эмнэлэг  хөтөлбөр  2015 оноос бүх аймгуудад хэрэгжиж байгаа бөгөөд Ховд аймгийн Бүсийн оношилгооны төв, Булган сумын нэгдсэн эмнэлэгт цахим эмнэлэг хөтөлбөр хэрэгжиж байна.

Цахим эмнэлэг хөтөлбөрийн хүрээнд  яамнаас 771,7 сая төгрөгийн   компьютер, сүлжээний   тоног төхөөрөмж  тус аймагт ирүүлсэн байна.

Цахим  эмнэлэг хөтөлбөрийн  хамгийн чухал нь иргэд болон эрүүл мэндийн  салбар хоорондын мэдээллийг богино хугацаанд шуурхай дамжуулах, мэдээлэх давуу тал бий болох аж.

Одоогийн байдлаар компьютер, сүлжээний тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, боловсон хүчнийг сургах зэрэг  ажлууд хийдэж эхлээд байна.

Цаашдаа иргэдийн эрүүл мэндийн байдлын талаар мэдээллийн сан үүсгэх зорилготой бөгөөд иргэн бүрийн мэдээллийн санд бүх өвчний түүх орсон байх аж.

Тухайн хүний  нас хүйс, өмнө нь эмнэлэгт үзүүлээд ямар шинжилгээ хийлгэж байсан, ямар өвчнөөр өвчилж, ямар төрлийн эмчилгээ хийлгэж, ямар үр дүн гарч байсан зэрэг бүх мэдээлэл цахимд бүртгэл мэдээллийн санд орох юм байна.

Энэ мэдээллийн сүлжээгээр  дамжуулаад зайны оношлогоо, эмчилгээний чанар сайжрах зэрэг олон давуу талууд бий болох гэнэ. 

Цахим эмнэлэг хөтөлбөр хэрэгжсэнээр  эмч нар өвчтөний түүхийг 2-3 хуудас бүхий асуулга бөглөдөг цаасан хэлбэрийн мэдээлэл авч цаг заваа үрэхгүй, зөвхөн мэдээллийн санд тухайн иргэн ийм өвчтэй байсан, ийм оноштой, эмчлэгдэж байсан түүх, бүх мэдээлэлийг  харж эмч үзэж, зөвлөгөө өгч, эмчлэх боломж бүрдэх ажээ.

Түүнчлэн  цахимд бүртгэлд хэзээ бүртгүүлсэн, дараалалгүй эмнэлэгт хэвтэх, үйлчилдэг асуудал ч  байхгүй болно.

Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Ховд аймагт ажиллах хугацаандаа аймгийн удирдлагууд, эрүүл мэнд спортын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнуудтай уулзаж, Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажилтай танилцлаа.

А.Бямбасүрэн

Related news