Дугуй унаж зөв дадлыг амьдралдаа хэвшил болгохыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-12 20:52:32

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Улиастай сумынхан унадаг дугуйг хэрэглээ болгож хэвшжээ. Албан бус мэдээллээр аймгийн төвд 70 гаруй иргэн унадаг дугуйтай байнгын ажилдаа ирж очдог байна.

“Унадаг дугуй” хөтөлбөрийг Улиастай сумын ЗДТГ-аас хоёр жилийн өмнө хэрэгжүүлж эхэлжээ. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд спортын клубуудтэй хамтран унадаг дугуйтай аяллуудыг сард нэгээс хоёр удаа тогтмол зохион байгуулж байна. Мөн баяр ёслол, амралтын үеэр унадаг дугуйгаар зорчихыг иргэдэд уриалдаг байна. Он гарсаар унадаг дугуйтай олон нийтийг хамарсан таван удаагийн томоохон арга хэмжээ аймгийн хэмжээнд болжээ. Эдгээр арга хэмжээнд нийт 4100 гаруй унадаг дугуйтай хүүхэд, насанд хүрэгчид оролцсон байна. 

Харин тус хөтөлбөрийн хүрээнд Завханы төв Улиастай сумын 56 албан байгууллага, ААН өөрсдийн албан байгууллагын үүдэнд унадаг дугуйн зориулалтын зогсоолтой болжээ. Мөн Завхан аймаг дахь ХААН банк тус хөтөлбөрийг дэмжин унадаг дугуй худалдаж авах сонирхолтой иргэдэд хүүгүй лизингийн үйлчилгээг өнгөрсөн хоёр жил долоо хоногийн хугацаатай үзүүлжээ.

2019 он гарсаар Улиастайн иргэд унадаг дугуйтай аяллын хоёр клубээр дамжуулан 40 хоногийн амралтын өдрийг давхардсан тоогоор 4200 иргэн, хүүхэд багачууд унадаг дугуйн аялал хийж өнгөрөөжээ. Цаашид иргэдийг амралтын өдрөөр хязгаарлахгүйгээр ажилдаа болон өдөр тутамдаа унадаг дугуйг унаж хэвших, байгаль орчноо хамгаалах, эрүүл мэндээ хамгаалах, хувь хүн бүр дугуй унаж санхүүгийн хэмнэлт хийж тогтвортой зөв дадлыг амьдралдаа хэвшил болгохыг уриалаад байгаа ажээ.

Related news