Хөвсгөл аймагт он гарсаар 3 удаа газар хөдөллөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар 3 сумын нутагт газар хөдлөлт мэдрэгдсэн ба ямар нэгэн хохирол учраагүй байна.
Энэ сарын 26-ны 15 цагийн орчимд Ханх сумын нутаг дахь Турга хэмээх газарт 3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Мөн 3 сарын 24-нд Цэцэрлэг сумын нутаг дэвсгэр буюу сумын төвөөс 32 км зайд байрлах Их ямаатын гол гэх газарт 4,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж чичирхийлэл мэдрэгдсэн бол Улаан уул суманд ч мөн чичирхийлэл мэдэгджээ.
Тус аймгийн Хатгал тосгонд байрладаг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хөвсгөл аймаг дахь салбарын эрхлэгч П.Даваадалайгаас тодруулахад “Хөвсгөл аймаг 7-9 баллын газар хөдлөх боломжтой идэвхтэй бүсэд хамрагддаг. Аймгийн хэмжээнд тодорхой газруудад чичирхийлэлт мэдрэгддэг боловч онц ноцтой хохирол гарч байгаагүй” гэдгийг хэлж байлаа.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа