“Найрын ширээний ууц” жүжгийг найруулан тогложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 09:27:27

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Соёлын төвөөс “Манай хамт олон” аяныг нийт байгууллагуудынхаа дунд зарлажээ. Аян нэг байгууллага дээр 14 хоног үргэлжилнэ.

Энэ хугацаанд тухайн байгууллага нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж өөрсдийн үйл ажиллагаагаа иргэдэд сурталчилан таниулах, сумын соёлын төвийн дэргэдэх нийтийн номын санд бүх ажилчиддаа карт нээлгүүлж байнгын үйлчлүүлдэг болгох, хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулах, өөрийн байгууллагын үйл ажиллагааны талаар иргэдээс судалгаа авах, байгууллагын ажилчдын бие даасан тоглолт тавих гэсэн 5 ажлыг хийж гүйцэтгэх юм байна.

Үүний дагуу Баяндэлгэр сумын Засаг даргын тамгын газрын хамт олон Төрийн шагналт зохиолч Д. Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг найруулан тайзнаа тавьжээ. Сумын ЗДТГ-ын 10 гаруй ажилчид жүжигт оролцон тоглосон бөгөөд жүжгийг Сүхбаатар аймгийн БСГ-ын соёлын мэргэжилтэн Г. Энхцэцэг найруулан тавьсан байна. Сумын иргэд, үзэгчид ч жүжгийг талархан хүлээн авчээ.

Мөн тус хамт олон иргэдээс авсан судалгаан дээрээ үндэслэн хүнд өвчтэй хүмүүст эмчилгээний зардал хандивлах, өрх толгойлсон эрэгтэйд газрынх нь асуудлыг шийдвэрлэж өгөх зэрэг 2 төрлийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулсан байна.

"Манай хамт олон" аяны дүн 2016 оны 6 сарын 1-нд гарна.

Т. Одончимэг

 

Related news