“Хүрэл тулга” яруу найргийн наадам боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-05 15:31:33

Монголын хүүхдийн ордон, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулиас хүүхэд багачуудыг монгол хэлний үгийн урлагийн гайхамшигт ертөнцөөр аялуулан, үг хэллэгийн арвин баялаг сантай танилцуулж, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохиох, бүтээх туурвих урлагт сургах зорилгоор 2 жил тутамд “Хүрэл тулга” яруу найргийн наадмыг орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн “Хүрэл тулга-2016” хүүхдийн яруу найргийн наадмыг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит болгон 6-9, 10-12-р анги гэсэн 2 насны ангиллаар явууллаа. Говь-Алтай аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Монголын зохиолчдын эвлэлийн салбар, Нийтийн номын сангаас хамтран аймгийнхаа бүх сургуулиудыг хамруулан хүрэл тулга наадмыг амжилттай зохион байгууллаа. 6-9-р ангийн 19 сурагч, 10-12-р ангийн 21 хүүхэд 3 үе шатаар шүлгээ уншин өрсөлдөж 6-9 насны ангилалд Баян-уул сумын сурагч Г.Лхагвасүрэн, 10-12-р ангийнхнаас Есөнбулаг сумын 1-р сургуулийн сурагч Э.Эрхэтбилгүүн нар тэргүүн байр эзэлж улсын уралдаанд оролцохоор боллоо.

Амжилттай оролцсон сурагчдад шагнал дурсгалын зүйл гардуулсан байна. Энэ үеэр их зохиолч Д.Нацагдоржийн ном зохиол бүтээлийн үзэсгэлэн гаргаж сурталчилсан байна.

                                                                                            Говь-Алтай аймаг Ш.Цоодол    

Related news