Үлийн цагаан оготнотой тэмцэх ажил дунджаар 77.8 хувьтай байв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Аймаг, сум орон нутгийн удирдлага, малчдад үлийн цагаан оготнотой байгаль орчинд халгүй аргаар тэмцэж сурах мэдлэг олгох зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр сургалт, үзүүлэх сургуулийг зохион байгуулжээ.
Үүнд Хангай сумын 5000 га, Цахир
сумын 5000 га, Өлзийт сумын 8000 га, Хайрхан сумын 3000 га, Хашаат сумын 6000
га, Өгийнуур сумын 8000 га, Чулуут сумын 5000 га гээд нийт долоон сумын 17
багийн 40000 га бэлчээрийн талбайд тэмцэх ажлыг технологийн хугацаанд зохион
байгуулж, дунджаар 77.8 хувийн үр дүнтэй гүйцэтгэсэн байна.
Нийт тэмцсэн талбайд хяналтын 98 цэг
тогтоон ажилласан байна. Байгаль орчинд халгүй арга болох ус цутгах аргаар 4400
га талбайд, утах аргаар 27100 га-д, 5500 га талбайн 9350 үлийний хөеө ноохойг
авч, 3000 га талбайд 2566 ширхэг шувууны суудал, 120 ширхэг үүр, 6400 ширхэг
конус, цилиндр суулгах зэрэг үр дүнтэй аргуудыг хэрэглэжээ.
Архангай аймгийн хэмжээнд нийт 660
мянган га талбайд үлийн цагаан оготно тархсаныг ХХААГ-ын мэргэжилтэн хэлж байна. Үлийн цагаан оготнотой байгаль
орчинд халгүй аргаар тэмцэх ажилд 328 малчин өрхийг оролцуулж, тэдэнд үлийн
цагаан оготнотой хэрхэн тэмцэх талаар сургалт, мэдээлэл, үзүүлэх сургуулийг
хийжээ.