Сургууль бүр дээр гамшгаас хамгаалах танхим байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-06 16:35:20

Завхан /МОНЦАМЭ/. Завханы ерөнхий боловсролын 29 сургууль гамшгаас хамгаалах танхим байгуулахаар болжээ.

Завхан аймаг НҮБ-ын дэмжлэгтэй “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Завханы Онцгой байдлын газраас санаачлан аймгийн хэмжээний бүх сургуулиудын дунд уралдаант аяныг зарлажээ. Аяны хүрээнд сургуулиудтай хамтарч сурагчдыг эрүүл, эрсдэлгүй орчинд сургах, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий танхимыг сургууль бүр дээр байгуулахаар болжээ.

Аянд оролцож буй сургуулиуд нь гамшгийн үед хэрэглэх хувцас, хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж, гамшгийн үед хэрхэн ажиллах заавар, зааварчилгаа бүхий гарын авлага, мэдээллийн самбар бүхий танхимыг өөрсдийн нөөцөд тулгуурлан байгуулах юм байна. Энэхүү танхимаар дамжуулан сургууль бүр дээр байдаг өсвөрийн аврагч бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих, сургуулийн орчинд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хүүхдүүд өөртөө болон бусдад гамшгийн үед анхан шатны тусламжийг өгдөг байх, хамгаалдаг байхыг энэ танхимаар дамжуулан суралцах боломжтой ажээ. Аяныг Дэлхийн зөн-Монгол Завхан хангай орон нутгийн хөтөлбөр, Онцгой байдлын газраас хамтран 9 дүгээр сарын 10-ааас эхлэн нэг сарын хугацаатай зарлажээ.

Related news