Франц улс Ховд аймагтай ХАА-н салбарт түлхүү хамтран ажиллах сонирхолтой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-04-08 10:14:06

БНФУ-аас Монгол Улсад  суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд хадагтай Елизабэт Барсак, Соёл хамтын ажиллагааны элчин зөвлөх Жон Флоран Филтз, Хөдөө аж ахуйн асуудал хариуцсан атташе Гризелда Бассэ нарыг Ховд аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан, Франц улс Ховд аймаг хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан аймаг орон нутгийн тухай түүх, цаг үе, бүтээн байгуулалтын талаар танилцуулан, Франц улстай олон талаар хамтран ажиллаж ирсэн цаашдаа ч хамтын ажиллагаагаа сайжруулан олон ажлыг хийх саналтай байгаагаа онцоллоо.

Тус улсын  элчин сайд хадагтай Елизабэт Барсак Ховд аймагт Боловсрол, Эрүүл мэнд, тэр дундаа Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг дурьдаад мал аж ахуй, газар талиалангийн асуудлаар түлхүү хамтран ажиллах талаар анхаарах, малчдад мал аж ахуй эрхэлж, нүүдлийн соёлоо хадгалж амьдарвал илүү боломж байгаа гэдгийг сурталчлах шаардлагатай байна гэдгээ хэлэв.

А.Бямбасүрэн

             

Related news