Улиастайнхан “Хөршийн холбоо”-г дахин сэргээнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы Цагдаагийн газраас “Хөршийн холбоо” үйл ажиллагааг Улиастайн зургаан багт зохион байгуулж байна.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд баг хариуцсан хэсгийн байцаагч, багийн цагдаа, нийтийн хэв журам хамгаалах тасгийн алба хаагчид айл өрхөөр орж, нэгдсэн болон хэсэгчилсэн үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч, санал асуулга авчээ. Хөршийн холбоо байгуулснаар иргэд өөрсдийн оршин суугаа нутаг дэвсгэрийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх. Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа ажлыг иргэдэд хурдан шуурхай, илүү ойр хүргүүлэх, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхээр сайн дурын үндсэн дээр нэгдэж чадах юм байна.
Энэ чиглэлээр сарын турш санал асуулга авч нутгийн захиргааны болон
цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тогтолцоог бүрдүүлэх зорилгоор тус ажлыг явуулж байна. 90-ээд оны үед хөршийн холбоотой байснаар гэмт хэргийн гаралт багатай, ялангуяа орон байрны хулгай, дээрэм, хүн хулгайлах гэмт
хэрэг бага байдаг байсан. Тэгэхээр хөршийн холбоог дахин сэргээх нь олон талын
ач холбогдолтой юм хэмээн аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
Дашрамд дуулгахад, Завханы төв Улиастай сум нь 5000 гаруй өрхтэй аж.