Төрийн албаны зөвлөл Хэнтий аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-09-18 15:11:15

Хэнтий /МОНЦАМЭ/ Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуунаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж байна.

Ажлын хэсэг Хэнтий аймгийн төрийн захиргааны байгууллага, Салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, Төрийн албаны тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, Төрийн албаны тухай хууль, дагалдан гарсан журам, дүрэм, зааврыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, “Монгол Улсад мэргэжлийн иргэн, төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” нь төслийн хүрээнд сургалт зохион байгуулах юм. Сургалтад төрийн албанд ажиллаж буй 300 гаруй алба хаагч оролцож байна.

Төрийн албаны тухай хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэ дагуу Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 46-р тушаалаар байгуулсан ажлын хэсэг зургаадугаар сараас эхлэн орон нутагт ажиллаж байгаа юм.

Ташрамд дуулгахад, төрийн албаны шалгалтыг ерөнхий, тусгай гэсэн байдлаар авах бөгөөд ерөнхий шалгалтын бүртгэлийг 10 дугаар сарын 01-30-ны өдөр хүртэл явуулж, шалгалтыг 11 дүгээр сарын 11-ний өдөр улс орон даяар эхлүүлж 11 дүгээр сарын 20-ныг хүртэл зохион байгуулахаар болжээ.



Related news