Номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо эрс нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ оны есөн сарыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хэнтий аймгийн Нийтийн номын сангийн байнгын уншигчдын тоо эрс нэмэгджээ.
Өмнөх оны мөн үед байнгын уншигч 1080, ирцээр буюу өдөр тутам номын сангийн уншлагын танхимаар үйлчлүүлэгч-уншигчийн тоо 17376, тэдгээрт олгосон номын тоо 31466 байсан бол энэ оны есөн сарын байдлаар байнгын уншигч 1353, ирцээр уншигч 19729, олгосон номын тоо 29822 болж өмнөх оны мөн үеэс 20.1 хувиар өсчээ. Тус номын сан байгалийн шинжлэх ухаан, утга, уран зохиол зэрэг 19 нэр төрлийн 50399 номтой, үүнээс энэ жил 34 нэр төрлийн 88 ширхэг номоор сан хөмрөгөө баяжуулаад байна.
Монгол
Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу “Номын баярын
өдөр”-ийг Хэнтий аймагт энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Уг баяр нь номын үнэ цэнийг ухааруулах, ном бүтээх, хадгалж, хамгаалах үйл хэрэгт дэмжлэг үзүүлэх зорилго агуулдаг. Энэхүү баярын хүрээнд аймгийн ИТХ-аас дэвшүүлсэн болон аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Ном уншицгаая” хөдөлгөөн, “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгоё” уриалгыг хэрэгжүүлэх зорилгоор Зохиолч- уншигчдын уулзалт, “Уншсанаа ярилцья” хэлэлцүүлэг, цэнгээнт уралдаан тэмцээн, уншигчийн өдөр, “Үлгэрийн цаг”, ном солилцоо, зөөврийн номын сан гэх мэт соёл олон нийтийн олон талт ажлыг зохион байгуулав.
Тухайлбал, XX зууны Монголын уран зохиолын нэрт төлөөлөгч, уянгын өгүүллэгийн мастер, Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан түүний зохиол бүтээлийг хойч үед сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд ЕБС-ийн багш, сурагчдын дунд “Сэрүүн Галттай сэтгэлд ойр” илтгэлийн уралдаан, “Алтан хонх” цэнгээнт тэмцээн, зохиолч Пүрэвхүүгийн Батхуяг /Монголын зохиолчдын эвлэлийн судлал шүүмжийн үндэсний төвийн дарга, Соёл урлагийн их сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор, Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, шилдэг бүтээлийн “Алтан өд” наадмын 6 удаагийн тэргүүн, олон улсын театрын Гэгээн муза наадмын эзэн/, зохиолч Балдоржийн Алтанхуяг /сэтгүүл зүйн Балдандорж шагналын эзэн, Гомбын Сэр-Одын нэрэмжит болон сэтгүүл зүйн Ган үзэгтэн шагналт, хайрын шүлгийн “Цагаан-Уул” наадмын тэргүүн байрын шагналт/ нарын оролцсон “Зохиолч-уншигчдын уулзалт”-ыг зохион байгууллаа. Мөн Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор ном, он цагийн түүхэнд шарласан орон нутгийн сонин сэтгүүлээр үзэсгэлэн гаргалаа.
Аймгийн ИТХ-ын дэмжлэгтэйгээр Төрийн шагналт Р.Чойномын нэрэмжит Гэрэлт гудамж бүхий цэцэрлэгт хүрээлэнд Зөөврийн бяцхан номын сан ажиллуулж ном солилцоо, уншлага үйлчилгээний ажил зохион байгуулж цаашдаа сумын нийт цэцэрлэгт хүрээлэнгүүдэд нэмж байршуулахаар төлөвлөжээ.