Ерөнхий сайд “Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк”-ийн үйл ажиллагаатай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
sarantsetseg@montsame.mn
2019-09-22 11:36:19

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна. Тэрээр "Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк"-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус паркийг 2016 онд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын санаачилгаар Орон нутагт шинжлэх ухаан, техник, технологийн судалгаа, инновацын үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор байгуулсан. Энэ ажилд орон нутгийн төсвөөс нийтдээ 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Тус парк нь гагнуурын электродын үйлдвэр, хүний экологийн төв ажиллуулахаас гадна  үйлдвэрлэл, үйлчилгээний хэд хэдэн төслийг хөгжүүлж байна.

Г.Энхбаяр: “Эрдэнэт ШУТП” ОНӨААТҮГ-ын захирал

Өнөөдрийн байдлаар "Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк" нь Гагнуурын электродын үйлдвэр, Хүний экологийн төв, Дөрвөн улирлын хүлэмж зэрэг төслүүдийг амжилттай хэрэгжүүлж байна. Үүнээс Гагнуурын электродын үйлдвэр нь  жилд 100 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд 2018, 2019 онд 800 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ. Гагнуурын электродын үйлдвэр нь 2018 онд 140 сая төгрөгийн ашигтай ажилласан. Уг ашгаасаа био дизель болон авто машины моторын хөргөлтийн шингэн үйлдвэрлэх, бээлийний үйлдвэрт хөрөнгө оруулсан. Дээрх 2 үйлдвэрийн 49 хувийг орон нутаг эзэмшиж байгаа юм.  


Д.Батлут: Орхон аймгийн Засаг дарга 

"Эрдэнэт шинжлэх ухаан технологийн парк" нь одоогоор хэд хэдэн үйлдвэрийн судалгаа хийж байна. Судалгааны дүнд Эрдэнэт хотын дэд бүтэц, эдийн засгийн нөөцөд тулгуурлаж 50 орчим үйлдвэрийг шинээр байгуулж хөгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа гэнэ. Эдгээрээс эхний ээлжинд 6 үйлдвэрийг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэхээр төлөвлөжээ. Үйлдвэр барих 10 мянган м.кв газрыг орон нутгаас Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркт олгожээ. Энэхүү үйлдвэрийн цогцолборт шаардлагатай санхүүжилт дээр дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Эрдэнэт шинжлэх ухаан технологийн паркийн эрдэмтэд Ерөнхий сайдаас хүслээ.

Related news